Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны хуралдаанаар өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглосон тогтоолыг батласан. Уг тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 01-нээс тавдугаар сарын 1-ний хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон байдаг.
Уг хугацааг арваннэгдүгээр сарын 01-нээс гуравдугаар сарын 01-ны өдөр болгон өөрчилж өгөх хүсэлтийг Монголын Морин спорт уяачдын холбооноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд гаргасан байдаг. Улмаар уг хүсэлтийг Засгийн газрын /2024.02.14/ хуралдаанаар хэлэлцсэн ч ямар нэгэн шийдвэр гаргаагүй юм. Тэгвэл Завхан аймгийн Алдархаан сумын уяачид шинийн 8-ны өдөр буюу хоёрдугаар сарын 17-ны өдөр таван насны морь уралдуулах гэж байжээ. Харин үүнийг тус сумын цагдаа, гэр бүл залуучуудын газар очиж зогсоосон байна. Уг уралдааныг зохион байгуулах гэж байсан хүмүүст хариуцлага тооцохоор болсон талаар эх сурвалж мэдээллээ.