СУРВАЛЖИЛГА: Нэг боодол өвс 14-18 мянган төгрөгийн үнэтэй байгаа ч, Хятад худалдаачдаас болж өвсний үнэ нэмэгдэж байна гэв /ВИДЕО/

СУРВАЛЖИЛГА: Нэг боодол өвс 14-18 мянган төгрөгийн үнэтэй байгаа ч, Хятад худалдаачдаас болж өвсний үнэ нэмэгдэж байна гэв /ВИДЕО/

Монгол орны нийт нутаг 1944 оны бичин жилийн зудтай ижил хэмжээний нөхцөл байдлад хүрээд байна. Одоогийн байдлаар 20 гаруй аймгийн 160 гаруй сум зудын нэн хүнд эрсдэлтэй болоод байгаа бөгөөд цаашид хаваржилтын нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа тул малчид малаа тэжээж онд оруулахаас өөр аргагүй боллоо.

Гэтэл малчдад өвс тэжээл нэн хэрэгтэй байгаа энэ үед өвсний үнэ огцом нэмэгдэж эхэлдэг. Харин төрөөс өвсний үнийг буулгах арга хэмжээ авч байгаа гэсэн. Иймд бид 22-ын товчоонд байрлах өвс тэжээл худалдан борлуулах цэг дээрээс өвсний үнэ ханш ямар байгаа талаар болон цаашид өсөх төлөвтэй байгаа эсэхийг сурвалжиллаа.

ВИДЕО:

Энэ сарын 17-ноос эхлэн нийт нутгаар цас орж, цасан шуурга шуурч байгаа бөгөөд зуд турхантай энэ цаг үед хөдөөгийн малчдад тун хэцүү нөхцөл байдал тулж ирлээ. Харин өвсний үнэ өнөөдрийн байдлаар чанараасаа шалтгаалаад 14-18 мянган төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд малчид малаа үхүүлэхгүйн тулд хамаг байдгаа өгөөд өвс, тэжээлээ авч байгаа талаар хэлж байлаа. Мөн хотод өвсний үнэ 16 мянга орчим байгаа ч бусад аймгуудад хамгийн багадаа 21 мянга болон түүнээс дээш үнэтэй байгаа аж.

Өвсний худалдаа эрхлэгч С.Энхжаргал, “Өвс 14-18 мянган төгрөг, ногоон тэжээл 18 мянга хавьцаа үнэтэй байгаа бөгөөд өвсний үнэ энэ жил харьцангуй бага байгаа шүү дээ. Арваннэгдвүгээр сард 11 мянган төгрөгийн үнэтэй байсан. Харин есдүгээр сард 8-10 мянга орчим л байсан. Өвс бэлтгэнэ гэдэг нь маш олон хүний хөдөлмөр, хүч ордог. Бид хээр бэлэн байгаа зүйлийг хамж ирээд өндөр үнээр зараад байгаа хэрэг огт биш. Хөдөө орон нутагт дахин тээвэрлэлт хийгээд байгаа учраас л өвсний үнэ нэмэгдэж байгаа юм. Намар бол өвсний үнэ хямд байсан. Тэр үед бензин шатахуун тасалдаагүй байсан бол малчид өдийд өвсөө аль хэдийнээ татчихаад зудыг ажрахгүй давах байлаа" гэв.

- ХЯТАД ХУДАЛДААЧИД ӨВС ЗАРЖ, ҮНИЙГ ХӨӨРӨГДҮҮЛЖ БАЙНА -

Мөн, "Хятад иргэд энэ жилээс эхлэн өвс зарж эхэлсэн. Биднээс авчхаад эргээд үнэ нэмээд зараад байгаа. Хятад хүмүүсийн өвс л жаахан үнэтэй байгаа. Малчид өөрсдөө ирээд өвсөө голно. Чанартай өвс авна гэдэг. Чанартай өвс нь холоос тээвэрлэгддэг учраас үнэ нь арай илүү байдаг. Гэтэл малчид үнэтэй байна гэдэг. Үнэндээ үнэтэй байгаа нь шатахуун үнэтэй л холбоотой. Түүнээс биш ченж нар үнийг нь нэмээд, хоёр гурав нугалаад зараад байгаа зүйл байхгүй. Шатахууны үнийг л сайн барьсан бол өвсний үнэ нэмэгдэхгүй л байсан. Хавар өвс багасаад ирэхээр үнэ нь бүр л нэмэгдэнэ дээ" гэлээ.

Түүнчлэн хорголжин 37 мянга, "Хурд" адууны тэжээл 53 мянга, орос овьёос 46 мянга, монгол овьёос 43 мянга, Хивэг 23 мянган төгрөгийн үнэтэй байна. Цаад үйлдвэрээс л үнээ нэмчихгүй бол худалдаа эрхлэгчид дур мэдэн үнээ нэмдэггүй гэдгийн мөн хэлсэн юм.

Говьсүмбэр аймгийн малчин, “Энэ жил вөс тэжээл маш үнэтэй байна. Говьсүмбэр аймагт л гэхэд 22 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Баруун аймгууд руу бүр л үнэтэй байгаа юм шиг байна лээ. Одоогийн байдлаар хөдөөгийн нөхцөл байдал үнэхээр хүнд байгаа. Гэтэл өвс тэжээл ийм үнэтэй байна. Малчид бидэнд хэцүү л цаг үе тугарч ирлээ. Зарим малчид малаа бүгдийг нь нядлаад эхэлсэн. Төрөөс малчдад хүргэх тусламж гэж нэг өрхөд 10 боодол өвс л өгсөн. Гэвч тэр чинь бараг нэг хонох л өвс шүү дээ. Яг өдийд өвсний үнийг буулгах, эсвэл өсгөхгүй барих нь л малчдад туслах хамгийн зөв шийдэл байна даа. Хивэг тэжээл гэхэд л өнгөрсөн жил 12 мянгатай байсан бол энэ жил 27 мянга болчихсон байна. Хэдэн малаа үхүүлэхгүйн тулд аргагүйн эрхэнд л үнэтэй өвс, тэжээл авч байна” гэлээ.