Дарьганга уртын дууны олон улсын наадам энэ сарын 23, 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт төвд болно. Уг наадамд дөрвөн орны 99 уртын дуучин оролцохоор бүртгүүлжээ.
Монгол Улсын Ардын жүжигчин, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, нэрт уртын дуучин Ш.Чимэдцэеэгийн нэрэмжит анхдугаар наадам олон улсын хэмжээнд зохион байгуулагдахаар болсон. Наадмын хүрээнд дарьганга уртын дууны үүсэл хөгжил, өнөөгийн нөхцөл байдлын тухай ярилцлага, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг болно. Мөн урилгаар Ардын жүжигчин Ч.Шархүүхэн тэргүүтэй дуучид, эрдэмтэн судлаачид оролцохоор болсон байна.
Сүхбаатар нутгийн ард түмэн “Сүмбэр алтан овоо” зэрэг дарьганга уртын дуугаараа алдартай. Тиймээс энэ наадмыг санаачлагч нэрт уртын дуучин Шарын Чимэдцэеэ олон улсын хэмжээнд зохион байгуулахаар болжээ. Наадмын удирдамжид багтсан “Сүмбэр алтан овоо” дуу нь гурван түрлэгээр дуулагдах юм.