Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болохуйц гэмт хэргийн шинжтэй худал мэдээллийг цахим сүлжээнд удаа дараа тарааж байсан гэх Т.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг Тагнуулын байгууллагаас шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Монгол Улсын иргэн Т.Бат-Эрдэнэ нь 2023 оны наймдугаар сарын 30 /2023.08.30/-ны өдөр "Чагнаа Чаагий" гэх нэртэй фейсбүүк хаягаас "Монгол Улсын хилийн отрядыг нүүлгэн шилжүүлж, улсын нутаг дэвсгэрээс БНХАУ-д шилжүүлэн өгөх гэж байна" гэх худал мэдээлэл нийтэлсэн байна. Мөн есдүгээр сарын 13-ны өдөр нэр бүхий хаягаас "Казак иргэдийг хүмүүжүүлж залхаан цээрлүүлэх зорилгоор томоохон ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн байна. Бид та бүхэнд буу зэвсэг, галт хэрэгслээр туслах болно. Бүгдээрээ хамтдаа тэмцэж Засаг төрийг эргүүлцгээе" гэх утга агуулга бүхий зүйл нийтэлжээ.
Түүнчлэн тэрбээр олон нийтийн сүлжээнд, "Баян-Өлгий аймагт дайчилгааны хээрийн сургуулилт хийгдэж байна. Энэ нь тус аймгийн иргэдийг айлган сүрдүүлэх зорилготой" гэсэн худал мэдээллүүдийг тараасан болохыг Тагнуулын байгууллагаас тогтоосон байна.
Тиймээс тухайн иргэнийг яллагдагчаар татан, мөрдөн шалгаж, улмаар прокуророос Эрүүгийн хуулийн 19.9-1 дэх хэсэг Үндэсний эв нэгдлийг бусниулах, Эрүүгийн хуулийн 13.14-1 дэх хэсэг Худал мэдээлэл тараах гэсэн зүйл ангиар яллаж, хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Харин шүүх тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг ирэх баасан гарагт буюу энэ сарын 23-ны өдөр хэлэлцэхээр товлосон байна.
Эрүүгийн тухай хуулийн 19.9 дүгээр зүйл. Үндэсний эв нэгдлийг бусниулах 1-д "Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэжээ. Мөн хуулийн 13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах 1-д "Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж тус тус заажээ.