Ажлын байрандаа архидан согтуурдаг, бусдад бэлгийн дарамт үзүүлдэг Цэцийн гишүүдийг эргүүлэн татдаг болох хуулийн төслийг өргөн барилаа

Ажлын байрандаа архидан согтуурдаг, бусдад бэлгийн дарамт үзүүлдэг Цэцийн гишүүдийг эргүүлэн татдаг болох хуулийн төслийг өргөн барилаа

Ажлын байрандаа архидин согтуурдаг, бусдын биед дуураараа хүрдэг Цэцийн гишүүдэд халдашгүй бүрэн эрхийнх нь улмаас шууд арга хэмжээ авч чаддаггүй. Өөрөөр хэлбэл тэд хэрэг үйлдсэн ч хуулийн дагуу бол гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд заавал цэцийн гишүүд нь хэлэлцэж байж баривчлах, шалгах ёстой байдаг учраас “ҮНДСЭН ХУЛИЙН ЦЭЦ” гэх хүмүүс өнөөг хүртэл ёстой л дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн гэхэд болно.

Тэгвэл энэ тогтолцоог өөрчилж, цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эргүүлэн татдаг болох хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил боловсруулж, УИХ-ын даргад өчигдөр /2024.03.04/ өргөн барилаа.

ВИДЕО: 

Монгол Улсын Бага Хурлаас 1992 оны тавдугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг баталсан. Гэвч 1992 оноос өмнө Монгол Улсад Үндсэн хуулийн хяналтыг хийж байсан туршлага байгаагүй тул энэ хуульд олон хийдэл гарсан гэж үзээд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай” хуулийн шинэчилсэн наруулгын төслийг өргөн барьжээ.

- ЦЭЦИЙН ГИШҮҮНД ТАВИХ БОЛЗОЛ, ШААРДЛАГЫГ ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХИЙН ШҮҮГЧИД ТАВИХ ШААРДЛАГАД ДҮЙЦҮҮЛНЭ -

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд цэцийн гишүүд хариуцлага болоод нийгмийн олон асуудал, шүүмжлэл дагуулсан. Тухайлбал, Бусдын биед дураараа хүрч, бэлгийн дарамт учруулсан Цэцийн дарга Д.Одбаяр, авлигын хэрэгт холбогдсон Цэцийн гишүүн Д.Сугар мөн Улсын тусгай хамгаалалттай газар буюу Үндсэн хуулийн цэцийн байранд архидан согтуурсан цэцийн гишүүн Г.Баясгалан нарын үйлдлийг дурдаж болно. Тодруулбал, Д.Сугар нь “хөрөнгө, орлогын мэдүүлгээ бичихдээ хайхрамжгүй хандсан, хөрөнгө орлогын өөрчлөлтөө бүрэн гүйцэд мэдүүлээгүй алдаа дутагдал гаргасан” гэдгийг тогтоож түүнд албан тушаалын цалин бууруулах шийтгэл оногдуулсан.

Мөн Авлигатай тэмцэх газраас 2007-2013 оны хооронд Д.Сугар 11 ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан гэсэн байдаг. Гэвч Цэцийн гишүүнд хариуцлага тооцох, сахилгын шийтгэл хүлээлгэх талаар Цэцийн хуульд хангалттай зохицуулалт байхгүйгээс эргээд Үндсэн хуулиа зөрчих шаардлагтай болдог байна. Тэгвэл шинэчилсэн найруулгын төслөөр Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг хуульд хэт ерөнхий тусгасныг өөрчилж, Цэцийн гишүүний хараат бус, мэргэшсэн, хариуцлагатай байдлыг хангах, улс төрийн болон бусад зүй бус нөлөөллөөс ангид байлгах зорилгоор Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг Үндсэн хуулийн шүүхийн шүүгчид тавих шаардлагад дүйцүүлэн тогтоосон байна. 

Мөн Цэцийн дарга Д.Одбаяр 2019 онд олон улсын нислэгийн үеэр онгоцны үйлчлэгчийн биед хүрсэн гэх дуулиан гарч олны дургүйцлийг хүргэж байлаа. Гэвч цэцийн даргаас нь огцруулж гишүүнээр үргэлжлүүлэн ажиллуулсан юм. Өдгөө хүчин төгөлдөр хэрэгжиж буй зүйл заалтад гишүүний хариуцлага, түүнийг дээшлүүлэх эрх зүйн хэм хэмжээ ерөнхий зарчмын хүрээнд зохицуулагдсан бөгөөд тусгай нарийвчилсан зохицуулалтгүй. Харин шинэчилсан найрулгын төслийн 14.1.Цэцийн гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хүний эрхийг дээдлэх, шударга, хараат бус, зарчимч, бодитой, үндэслэлтэй хандах, тал үл харах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг чанд баримтална.

16.1.Энэ хуулийн 14.2, 14.3, 14.4-т заасан үүрэг, хориглолт, хязгаарлалтыг ноцтой эсхүл удаа дараа зөрчсөн нь Цэцийн гишүүний албан тушаалыг эрхлэхэд тохирохгүйг харуулсан бол тухайн гишүүнийг эгүүлэн татах үндэслэл болно гэжээ.

- ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙГ ТОМИЛОХОД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛДАГ БОЛНО -

Мөн 1992 оны Үндсэн хуулийн цэцийн тухай хуулиар Цэцийн гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох хугацааг бүрэн гүйцэд зохицуулаагүйгээс эрх бүхий байгууллага, албан тушаалтан Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхгүй удаж, Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан ч урт хугацаа үргэлжлүүлэн ажиллах эрх зүйн хийдлийг бий болгосон. Иймд уг төсөлд Цэцийн гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох хугацааг нарийвчлан тогтоохоор заасан байна. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилоход нэр дэвшигчийн сонсгол хийх зохицуулалт нь нэр дэвшигчийг уг албан тушаалд тэнцэх эсэхийг шалгаж баталгаажуулахад чухал ач холбогдолтой тул нэр дэвшигчийн сонсгол хийх процессыг хуульчлахаар заасан бөгөөд 6.1. Цэцийн гишүүнээр зөвхөн нэг удаа дахин томилж болно гэж өөрчилжээ.

Мөн Цэцийн гишүүнд тавигдах шаардлагыг хэт ерөнхий тусгаснаас эрх зүйч бус хүн Цэцийн гишүүн болох жишиг тогтож, мэргэшсэн байж чадахгүйд хүрч байна. Иймд Цэцийн гишүүн эрх зүйн дээд боловсролтой, хууль зүйн мэргэшлийн шаардлагыг хангасан байхыг тухайлан зааж тус тус шинэчлэхээр болжээ. Ийнхүү орхигдож ирсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн асуудал хөндөгдөж, хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан нь цаг үеэ олсон асуудал байсныг энд тодотгон өгүүлье. Учир юу гэвээс Үндсэн хуулийн цэцийн байр буюу улсын тусгай хамгаалалттай газар архидан согтуурдаг Г.Баясгалан, бусдын биед дураараа хүрч бэлгийн дарамт үзүүлдэг Д.Одбаяр мэтийн албан тушаалаараа далимдуулж хууль зөрчин, хэрэг үйлддэг хүмүүст хариуцлага тооцож, улсын дээд албан тушаал буюу Цэцийн гишүүнийх нь албаас даруй татан буулгах хуулийн зохицуулалт ус, агаар мэт хэрэгцээтэй байгаа юм.