Д.Оюунхорол: Намайг яллагдагчаар татсан гэдэг нь худал мэдээлэл

2020-01-23 12:53

Д.Оюунхорол: Намайг яллагдагчаар татсан гэдэг нь худал мэдээлэл

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг яллагдагчаар татагдсан талаар “Үндэсний шуудан" сонин өнөөдрийн дугаартаа /2020.01.23/ мэдээлсэн. 

Үүнтэй холбогдуулан Д.Оюунхорол гишүүн тайлбар өглөө.  Тэрбээр “Ахуйн газтай холбоотой асуудлаар АТГ хянаж үзсэн. 2015 онд Утааг бууруулах ажлын хүрээнд газаар гэр хорооллын айл өрхүүдийг халаах Засгийн газрын шийдвэр гарч байсан. Уг төслийг хэрэгжүүлэхэд Гранд повер компани тендерт шалгарсан. Уг компанитай миний байгуулсан гэрээ хууль хяналтын байгууллагаар шалгагдаад хэрэгсэхгүй болж байсан. 

Үүн дээр намайг яллагдагчаар татаагүй. Өнөөдөр миний төрсөн өдрөөр ийм мэдээ явж, “бэлэг" барилаа. Улс төрд яваа хүнд энэ зэргийн мэдээллүүд явж л байдаг. Тэр Гранд повер компани надад ямар ч хамаарал байхгүй. Тус компани 1.9 тэрбум төгрөгөөрөө ажлаа хийж гүйцэтгэсэн нь тогтоогдсон. Дараа жил нь өөр компани тендерт шалгараад газаар халаах ажлаа үргэлжлүүлсэн байсан. Тухайн үедээ энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж буй тэргүүлэгч компани байсан. Шийдвэр нь Засгийн газраас гарсан.  гэв.

2020-01-23 09:57

Д.Оюунхорол гишүүнийг яллагдагчаар татсан гэв

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхоролыг яллагдагчаар татсан гэх мэдээлэл өнөөдөр /2020.01.23/ цацагдаж эхлээд байна.

Тодруулбал, түүнийг Засгийн газрын гишүүн, БОНХАЖ-ын сайдаар ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон, улсад их хэмжээний буюу 1.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм.

Тэрбээр Хилийн цэргийн 0151 дүгээр анги руу татсан “Гранд повер” компанийн хийж гүйцэтгэсэн 1.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 3050 метр шугамыг ашиглахгүйгээр, цэргийн ангийг төвлөрсөн дулаанд холбож, улсаас үр ашиггүй зардал гаргасан гэгдэж байгаа ажээ.