Ч.Сайханбилэг олон улсын хуулийн фирмээр өмгөөлүүлнэ

Ч.Сайханбилэг олон улсын хуулийн фирмээр өмгөөлүүлнэ

Интерполоор эрэн сурвалжлагдаж буй Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг AНУ-д төвтэй “Amsterdam & Partners LLP” олон улсын хуулийн фирм өмгөөлөхөөр болсон байна. Түүнийг 2014-2016 оны хооронд Ерөнхий сайдын алба хашиж байх хугацаандаа Рио Тинто компанитай Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хууль зөрчиж байгуулсан хэмээн үзэж, прокурорын байгуллагаас дөрвөн хэрэг тулгаад буй.

Тус фирм энэ тухайгаа өөрсдийн цахим хуудсанд өчигдөр /2020.01.22/ мэдээлжээ. Үүндээ Ч.Сайханбилэг өөрт нь тулгаж буй хэргүүдийг улстөрийн захиалгат зориудын үйлдэл хэмээн үзэж буй тухай дурьдсан төдийгүй үүсгэн байгуулагч Роберт Амстердам нь, “Монгол Улсын одоогийн засгийн газар шүүхийн хараат бус байдалд халдаж байна. Ч.Сайханбилэг Рио Тинтогийн гэрээг байгуулахдаа парламентаас олгосон эрхийн дагуу ажилласан гэж бид харж байна” гэжээ.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Монголд 60 хоног саатуулагдсаныхаа дараа АНУ-д хөл тавьж, тэндзээ одоог хүртэл амьдарч байгаа аж. Түүнчлэн Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш түүнд хэд хэдэн улстөрийн шинжтэй дарамт шахалт ирэх болсон тухай тус олон улсын хуулийн фирмийн мэдэгдэлд дурьджээ.