ВИДЕО: Хятадаас өндөг импортлохын тулд лобби хийж, хомсдол үүсгэж байгаа ч худалдаа эрхлэгчид "Хятад өндөг зарахгүй" гэв

ВИДЕО: Хятадаас өндөг импортлохын тулд лобби хийж, хомсдол үүсгэж байгаа ч худалдаа эрхлэгчид "Хятад өндөг зарахгүй" гэв

Энэ оны хоёрдугаар сараас эхлэн дайны нөхцөл байдалтай холбогдуулан манай улсад ОХУ-ын өндөг нийлүүлэлт тасарсан. Тодруулбал, өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн тус улсын дотоод зах зээлд өндөгний хомсдол үүсэж, үнээ 40 хүртэл хувиар нэмэгдүүлээд байсан юм. Ингэж явсаар түрүү сараас эхлэн Монгол дахь импорт тасраад буй. Үүнтэй холбогдуулан ойрын хугацаанд манай улсад өндөгний эрэлт нэмэгдэж, зах зээлд хомсдол үүсэж эхэллээ.

ВИДЕО:

- ОХУ-ААС ӨНДӨГ ОРЖ ИРЭХГҮЙ БАЙГААГ ДАЛИМДУУЛАН БНХАУ-ААС ӨНДӨГ ИМПОРТЛОХ ЛОББИ ЯВЖ БАЙЖ МАГАДГҮЙ БАЙНА -

Иргэдийн өндөгний хэрэгцээг дагаад жижиг найман нэрийн дэлгүүрүүд болон зах худалдааны төвүүдээр үнээ нэмж байгаа талаар иргэд бухимдалтай байгаа юм. Харин томоохон үйлдвэрүүд болон сүлжээ дэлгүүрүүд үнээ нэмэхгүй байгаа талаар шувууны аж ахуй эрхэлдэг дотоод дахь үйлдвэрүүд мэдэгдэж байгаа юм. Тухайлбал, "Түмэн шувуут" ХК, "Өндөгний үнээ нэмээгүй. Цаашид ч нэмэхгүй" гэж мэдэгдсэн. 

Монголд дотооддоо үйлдвэр эрхэлдэг нийт 24 аж ахуйн нэгж тогтмол үйл ажиллагаа явуулдаг байна. Тэд өнгөрсөн онд өндөгний дотоод зах зээлийн 60 хувийг хангаж ажилласан бөгөөд энэ жил 70 хувийг 2027 он гэхэд 100 хувь дотоод хэрэгцээгээ хангах боломжтой гэнэ.

Гэвч өнөөдрийн байдлаар найман нэрийн хүнсний дэлгүүрүүдээр өндөг хомсдож, эрэлт үүсээд байгаа талаар худалдаа эрхлэгчид хэлж байгаа юм. Тэд хэлэхдээ, "Өндөг долоо хоногт нэг л удаа ирж байгаа. Гэхдээ нийлүүлэх хэмжээ багассан. Үйлдвэр эрхлэгчид үнээ нэмэхгүй байгаа. Бид ч тэрийгээ дагаад үнээ одоохондоо нэмээгүй л байна. Гэхдээ цаашид яахыг сайн мэдэхгүй. Ихэвчлэн зах, худалдааны төвүүд өндөгний үнээ нэмээд байгаа юм шиг байна лээ" гэсэн юм.

Мөн ОХУ-аас өндөг орж ирэхгүй байгааг далимдуулан давхар зохиомол хомсдол үүсгэж, БНХАУ-аас өндөг оруулж ирэх гэсэн лобби явж байж магадгүй байна. Гэтэл Хятадаас өндөг ипортлоход хэд хэдэн томоохон асуудал бий.

- ХЯТАДААС ӨНДӨГ ИМПОРТЛОХ НЬ ӨӨРСДИЙН ГАРААР ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ БОЛОН ХАЛДВАРТ ӨВЧИН ИМПОРТОЛЖ БУЙТАЙ АГААР НЭГ -

Монгол Улсын хувьд 2008 оноос хойш Хятадаас өндөг огт импортлоогүй. Учир нь Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагад БНХАУ шувууны халдварт өвчин гарсан эсэхээ өнөөг хүртэл мэдээлэхгүй байгаа юм. Өвчний мэдээллээ олон улсын байгууллагад мэдүүлээгүй улсыг өвчний эрсдэлтэй бүс нутаг гэж үздэг бөгөөд ийм улс орноос хүнсний өндөг импортлох нь шувууны H5N1, H5N6 төрлийн халдварт өвчин орж ирэх эрсдлийг нэмэгдүүлнэ. Монгол Улс Хятадаас өндөг импортлохоо больсноор уг шувууны халдварт өвчин бүртгэгдэлгүй 10 гаруй жил болж байгаа юм.

Үүнээс гадна бас нэг томоохон асуудал нь Хятадын эдийн засагт ойрын хэдэн арван жил тохиогоогүй хямрал нүүрлээд буй.

Тодруулбал, Хятадад худалдан авагч багасч махны үнэ 20 хувь, өндөгний үнэ 40 хувь буураад байгаа бөгөөд зах зээлд маш их бүтээгдэхүүний илүүдэлтэй байгаа юм. Гэтэл манай улс БНХАУ-аас өндөг импортлоход Хятадын эдийн засгийн хямрал ч мөн дагаж орж ирэх боломжтой. Учир нь Хятадаас их хэмжээний хямдхан өндөг орж ирвэл Монголын зах зээлд өндөгний илүүдэл үүсэж дотоод дахь аж ахуйн нэгжүүд дампуурах эрсдэл үүснэ.

Гэтэл нөгөө талд Монгол иргэд буюу манай улсын худалдан авагчид аль болох Монгол өндгөө л авах сонирхолтой байдаг бөгөөд Орос өндөг ч нэг их авдаггүй байсан талаар худалдаа эрхлэгчид хэлж байгаа юм.  Тухайлбал тэд, “Иргэд дотоод үйлдвэрүүдийн өндөг буюу “Түмэн шувуут”, “Баян” зэрэг үйлдвэрийн өндгийг их авдаг учраас бид монгол өндөг л зардаг. Хэрвээ Хятадаас өндөг орж ирвэл бид зарахгүй. Угаасаа иргэд ч авахгүй” гэсэн юм. Мөн Худалдаа эрхлэгчдээс өндөгний үнийн талаар асуухад, “Түмэн шувуутын өндөгний үнэ огт нэмэгдээгүй. Харин "Баян”-ийн өндөг 50 төгрөгөөр нэмэгдсэн. Үйлдвэрээсээ тэгж ирж байгаа учраас бид ч бас үнээ нэмж, 650-700 хооронд зар байна. Харин “Түмэн шувуут”-ын өндгийг 580-600 хооронд зарж байгаа” гэв.

БНХАУ-аас өндөг импортлох асуудалтай холбогдуулан "Шувууны аж ахуй эрхлэгчдийн холбоо"-ноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Мал эмнэлгийн ерөнхий газарт дараах хүсэлтийг мөн хүргүүлсэн байна.

"Шувууны аж ахуй эрхлэгчдийн холбоо"-ны хүсэлт

Эцэст нь дүгнэхэд, Оросоос өндөг орж ирэхээ больсон нь дотоодын зах зээлд хомсдол үүсгэж байгаа ч өндөгний хэрэгцээг Монгол Улс дотооддоо хангах боломжтой. Гэвч энэ асуудлыг далимдуулж эдийн засгийн засгийн хямралтай байгаа, тэр дундаа эрүүл аюулгүй байдлын өндөр эрсдэлтэй Хятад Улсаас өндөг импортлох нь бид өөрсдийн гараар халдварт өвчин болон эдийн Засгийн хямралыг импортолж байгаатай агаар нэг. Өөрөөр хэлбэл "нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох" гэдгийн үлгэр болох нь энд харагдаж байна.