Энэ жил цас их орсны улмаас шар усны үер олон зүйлд эрсдэл учрууулж байна. Үүний нэг нь Улаанбаатар хотын иргэдийн нэрлэж заншсанаар "уулын зам" буюу Богд уулын арын зам. Учир нь уулнаас буусан шар усны үер автозам дээгүүр урсан хажуугийн даланг нурааж байгаа юм. Ингэснээр засмал зам эвдрэх, цөмрөх ч хүртэл аюул учирч болзошгүй байна. Иймд бид уг үйл явдлыг иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс энэ удаагийнхаа сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна.
ВИДЕО:
Богд уулын арын зам нь 2014 онд ашиглалтад орсон бөгөөд Яармагиийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүрэх 17.1 км авто замын ажлыг Хөгжлийн банкны санхүүжилтээр “Эсто” ХХК гүйцэтгэж байж. Хэдий 10 гаруй жилийн насжилттай энэ замд хамгийн их эрсдэл учруулж буй зүйл бол үерийн ус. Үерийн ус замд эвдрэл гэмтэл учруулахаас гадна зорчиж буй иргэдэд ч эрсдэл учруулж байна. Замын хажуугаар шуудуу байх ёстой. тэгж байж ус нь шуудуугаараа урсаж, автозамд яар нэгэн эрсдэл учруулахгүй.
Нурах эрсдэл үүсээд байсан маршалын гүүрнээс "Sky resort" явах зам дагуу очиход далан болон замд шороо асган цэвэрлэсэн байсан ч өөр олон газар энэ мэт далан нурах асуудал үүссэн байв.
Иймд бид далан яагаад нурсан талаар болон үүнээс үүдэн учирч болох эрсдлийн талаар Монголын замчдын холбооны ерөнхийлөгч З.Батбаяраас тодруулахад, “Энэ замын нэг талд шуудуу байх ёстой. Анх баригдахдаа уулын зам шуудуутай баригдсан. Гэтэл нэг эрх мэдэлтэн нь уулын замд дугуйн зам тавих шийдвэр гаргаснаас шуудууг нь хаагаад дугуйн зам тавьчихсан. Ингээд шуудуугүй болсон тул уулын цас хайлахдаа ус зам дээгүүр урсаад далангаа идээд байгаа юм. Хэрэв шуудуутай байсан бол ус далангийнхаа доогуур зориулалтын хоолойгоор дамжаад голд цутгах байсан. Мөн уулын аманд баригдаж буй барилгууд их нөлөөлж байгаа. Ус урсах ёстой даланг хааж барилга барьсан мөртлөө үерийн шугам сүлжээний ажлаа огт хийдэггүй. Иймд уулнаас цугларсан ус шууд засмал зам руу урсаж байна” гэв.
Засмал замд хамгийн хөнөөлтэй зүйл бол ус гэгддэг. Зам дээгүүр урсах нь тухайн замын насыг богиносгож байгаа нэг хүчин зүйл.
Энэ талаар түүнээс тодруулахад тэрбээр, “Зам бол ус зайлуулах байгууламж биш. Ус засмал зам дээгүүр уурсаж даланг сүйтгэх эс бөгөөд замын доод хөрсөнд шингэнэ. Ингэж шингэсэн ус хатна гэж байхгүй. Хатахгүй учраас зам доош суулт өгөх, хагарах боломжтой. Замын хагархай руу ус ороод машин явах тоолонгоор гэмтэл учруулсаар байдаг. Газар гэсээд зун болоход энэ зам хага үсэрсэн байна гэдгийг баталгаатай хэлье. Уг нь уулын зам арваад жил болсон, удаан насжлттай, их сайн зам. Гэтэл хотын удирдлагууд арга хэмжээ авч, шуудуу татахгүй байсаар замын насжилтыг богиносгож байна. Замын шуудууг үргэлж сэргээж, засварлах шаардлагатай байдаг. Хөвөө, далан хэсэгт ч жил бүр шороо асгаж, сэргээж байх ёстой. Замыг сэргээн засварлах санхүүжилтыг л хангалттай хийх хэрэгтэй" гэлээ.
Хэдий замын даланг тухай бүрт нь засаж сайжруулж байгаа ч эрсдэл үүссээр байна. Авч байгаа арга хэмжээ нь оновчгүй байгаа тул энэ мэт эрсдэл цаашид үүсэх болно. Гол нь авто замын шуудууг хаасан нь ихээхэн сонин. Уулын замд үер болох нь мэдээжийн зүйл. Гэтэл шуудууг хаагаад дугуйн зам тавьж байгаа нь зүйд нийцэхгүй стандарт бус шйидвэр гэдгийг мэргэжидлтэн хэлж буй. Үүнийг нийслэлийнхэн анхааралдаа авч, шуудууг сэргээн засварлах, даланг өргөтгөх ажлыг яаралтай хийх шаардлагатай байгаа юм.