Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг танилцуулав. Сүүлийн жилүүдэд манай улсад иргэд, ялангуяа 18 нас хүрээгүй хүүхэд, залуучууд шинэ төрлийн бичил цахилгаан тээврийн хэрэгслүүд, түүний дотор суррон загварын цахилгаан дугуй, цахилгаан скүүтерээр замын хөдөлгөөнд оролцох явдал эрс нэмэгдсэн.
Мөн хүн амын хэт төвлөрөл, хотжилт, авто замын түгжрэлээс үүдэлтэйгээр нийслэл Улаанбаатар хотод нийтийн хэрэглээний цахилгаан дугуй, скүүтер түрээсийн шинэ төрлийн үйлчилгээ бий болж, иргэдийн хэрэглээ нэмэгдэж байгааг хууль санаачлагч илтгэлдээ онцлов. Үүний улмаас явган зорчигчид төдийгүй дээрх төрлийн цахилгаан хэрэгсэл унаж буй иргэдтэй холбоотой зам тээврийн осол гэмтэлд өртөх, хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах явдал эрс нэмэгдэж байгаа гэв. Тодруулбал, сүүлийн 3 жилийн хугацаанд цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 985 осол гэмтэл бүртгэгдсэн байна. Насны бүлгээр авч үзэхэд нийт осол гэмтлийн тохиолдлын 39 хувийг 10-19 насны хүүхэд залуус эзэлж байгааг П.Батчимэг гишүүн танилцуулсан.
2024 оны байдлаар манай улсад нийт цахилгаан дугуй, скүүтер, тээврийн хэрэгслийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч гурван аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн импортолсон цахилгаан дугуй, скүүтерийн тоо 2022 онд 1050, 2023 онд 8157, 2024 онд 16783 болж өссөн, цаашдаа өсөх хандлагатай байгааг дурдаж байв. Иймд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цахилгаан дугуй, суррон, цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2024 оны 76 дугаар захирамжаар байгуулсан юм. П.Батчимэг гишүүн ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар, Г.Лувсанжамц, Н.Алтаншагай, Д.Ганбат нар ажиллажээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2020 онд дэлхий даяар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах асуудлаар холбогдох тогтоол баталж, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирох, гэмтэл бэртлийн тохиолдлыг 2030 он гэхэд 50 хувиар бууруулах зорилтыг дэвшүүлээд байгааг тэрбээр дурдсан. Энэхүү тогтоолоор замын хөдөлгөөний эмзэг оролцогчид болох явган зорчигч, унадаг дугуйн жолоочийн аюулгүй байдлыг хангахад онцгойлон анхаарал хандуулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад анхаарал хандуулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлого арга хэмжээнүүдийг баталж хэрэгжүүлэхийг гишүүн орнуудадаа үүрэг болгосон гэдгийг тэмдэглэв.
Улсын Их Хурлын даргын 2024 оны 76 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг зургаан сарын хугацаанд хуулийн төсөл боловсруулах чиглэлээр холбогдох судалгааг гүйцэтгүүлэх, гадаад орны сайн туршлагыг судлах, мөн Монгол Улсын Засгийн газар, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн экспертүүд, иргэд, олон нийт, цахилгаан дугуй, скүүтер нийлүүлэгч, түрээсийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдийн саналыг авах зэрэг Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу үе шаттай, цогц ажлуудыг хийсэн байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь гурван зүйлтэй бөгөөд зарчмын шинжтэй дараах зохицуулалтуудыг тусгажээ. “Цахилгаан скүүтер”, ”Цахилгаан дугуй”, ”Хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгсэл” гэсэн тээврийн хэрэгслийн ангиллыг шинээр тодорхойлж, эдгээр тээврийн хэрэгслийг жолоодох насны хязгаар, тээврийн хэрэгслийн техникийн дээд хурд, тээврийн хэрэгсэл зорчихыг зөвшөөрсөн замыг хуульчлах нь зүйтэй хэмээн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгажээ. Мөн цахилгаан скүүтер, цахилгаан дугуй жолоодон замын хөдөлгөөнд оролцогч жолоочийн эрх, үүрэг, жолоочид хориглох зүйлсийг төсөлд тусгасан байна. Цахилгаан скүүтерийн хөдөлгүүрийн хүч чадал, техникийн дээд хурд, тээврийн хэрэгслийн жин, тээврийн хэрэгслийн тоноглол зэргийг агуулсан цахилгаан скүүтерийг ашиглах замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндсэн шаардлагыг шинээр нэмэх нь зүйтэй хэмээн үзэж холбогдох зохицуулалтыг төсөлд тусгажээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад ”Нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн үйлчилгээ үзүүлэгч” нь зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх, мөн үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүргийг шинээр тодорхойлжээ.
Төсөлд “Цахилгаан дугуй” гэдэг нь нэг хүн тээвэрлэх суудалтай, цахилгаан хөдөлгүүр болон дөрөө хосолсон байхаар, 25 км/ц-аас дээшгүй хурдтай, 16-аас дээш насны хүн жолоодохоор заасан гэв. Мөн цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн жолооч нь замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явна. Хэрэв унадаг дугуйн зам болон унадаг дугуйн замын эгнээ байхгүй, эсхүл түүгээр явах боломжгүй тохиолдолд авто замын зорчих хэсгийн баруун гар талын зах буюу хөвөөгөөр болон нийтийн тээврийн эгнээгээр; явган хүний замаар хурдыг цагт 10 км-ээс хэтрүүлэхгүй явах ба явган зорчигчид саад, аюул учруулахгүйгээр зорчих зэрэг зохицуулалтыг тусгасан хэмээн П.Батчимэг гишүүн тодруулсан. Үүн дээр замыг сонгох бус “унадаг дугуйн зам болон унадаг дугуйн замын эгнээ байхгүй, эсхүл түүгээр явах боломжгүй тохиолдолд…” гэдэг тодотголыг онцлон анхаарахыг ажлын хэсгээс сануулж байв. Хуулийн төсөл батлагдсан тохиолдолд нийтэд сайтар сурталчлах шаардлагатай талаар гишүүд хэлж байв.
Ингээд Байнгын хорооны хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн 87.5 хувь нь дэмжсэн. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.