Ё.Батсайхан: “Хонгор морь” маань хүний газраас эх нутгаа зорин 300 гаруй км замыг гурван өдөрт туулж ирсэн /ВИДЕО/

Ё.Батсайхан: “Хонгор морь” маань хүний газраас эх нутгаа зорин 300 гаруй км замыг гурван өдөрт туулж ирсэн /ВИДЕО/

Монгол адуунд нутгаа зорин гүйдэг ухаан байдаг гэдгийг баталж, дэлхийд таниулахаар “Дэлхийн морьтнууд” төслийн баг монгол адууны тухай баримтат киноны ажлыг эхлүүлсэн юм. Улмаар 2022 онд бага насандаа зарагдсан хоёр монгол адуу унасан газраа зорьж, идээшсэн бэлчээр ижилдэн дассан сүргээ орхин гүйж явааг баримтжуулж  “Гайхамшигт монгол адуу” баримтат киног бүтээсэн юм.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумаас Сүхбаатар аймгийн Уулбаян сум хүрэхээр "Голомт хээр", Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумаас  Дорнод аймгийн Цагаан-Овоо сум хүрэхээр "Гал хүрэн" морьд эх нутгаа зорин мянга гаруй км замыг туулж  нутагтаа очсон. Үүний дараа “Дэлхийн морьтнууд” төслийн баг Сэлэнгэ аймгаас Баянхонгор хүртэл дахин хоёр морь гүйлгэсэн нь өнгөрсөн тавдугаар сард олны хүртээл болоод буй. Түүнчлэн домог мэт яригддаг түүхийг баталж, Вьетнамаас Монгол нутаг руугаа гүйсэн “Хүрэн халзан” морины бодит түүхээр “Дэлхийн морьтнууд” төслийн баг дахин баримтат кино бүтээж байгаа билээ. Энэ талаарх дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД ДАРЖ харна уу.

ВИДЕО:

Тэгвэл энэ удаа гүйгүүл монгол адууны талаарх баримтат киноны дахин нэг баатар “Хонгор морь” Архангай аймгийн Өлзийт сумаас гарч унасан газар Өвөрхангай аймгийн Сант хүртэл гүйж буйг өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн “Дэлхийн морьтнууд” албан ёсны пэйж хуудсаар шууд дамжуулж эхэлсэн. Улмаар Монгол морины гайхамшгийн үргэлжлэл болсон гүйгүүл “Хонгор морь”  энэ Даваа гарагт /2024.06.10/ эх нутагтаа хүрээд байгаа юм. Иймд бид тус морины эзэнтэй холбогдож дээрх үйл явдлын талаар ярилцлаа.

-Сайн байна уу. Та манай үзэгч болон уншигчдад өөрийгөө танилцуулаач.

-Сайн байцгаана уу. Би Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Сумын алдарт уяач Ёндонгийн Батсайхан гэдэг хүн байна.

-Яг одоо бидэнтэй хаанаас холбогдож байна вэ?

-Би Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 6 дугаар багын газар нутаг Өвдгийн худаг гэдэг газарт байрлах өвөлжөөн дээрээсээ холбогдож байна.

-Саяхан “Хонгор морь” нутаг гуйж яваа дүрс бичлэгийг Дэлхийн морьтнууд албан ёсны пэйжээр дамжуулсан. Энэ морь танай морь гэж сонссон. Хонгор морь нь хэдэн настай, ямар морь вэ?

-Миний хонгор морь нь эцэг Дорнод угшилтай, эх Дундговийн Сайхан-Овоо угшилтай адуу. Өөрөө энд гарсан унага л даа. Энэ нутагтаа их ээлтэй. Хаана байсан ямар ч газраас ганцаараа нутаг руугаа гүйгээд ирдэг адуу байгаа юм. Бага насанд нь уяж байсан. Сумын наадамдаа хоёр айрагдсан. Бусад ойр зуурын наадмуудад нийт найман удаа айраг, түрүү авч байсан адуу.

-Хонгор морио яагаад гүйлгэхээр болов. Дэлхийн морьтнууд төслөөс тантай холбогдож санал тавьсан уу?

-Тэгсэн шүү. Морь гүйлгэхээс 10-аад хоногийн өмнө “Дэлхийн морьтнууд” төслийн Ю.Үнэнбүрэн ах надтай холбогдсон. Тэгээд “танайд нэг нутаг гүйдэг адуу байдаг гэж сонслоо. Танай тэр морийг нэг гүйлгэж үзээд баримтат кино хийе” гэсэн. Би ч зөвшөөрсөн.

-Морь гүйлгэх газартаа адуугаа яаж хүргэв?

-Би өөрөө Хонгор үрээгээ ачаад Архангай аймгийн Өлзийт сумаас хойш гарч төслийн багийнхан дээр очсон.

-Гүйлгэхээс нь өмнө идээшлүүлэх ч юм уу тамир тэнхээг нь сэлбэж, бэлтгэсэн үү?

-Хонгор үрээгээ аваачиж өгөөд тэр хавьд гурав хоног жаахан тогтоосон. Уяж, чөдөрлөж, аргамжилж хэд хонуулсан. Тэгээд л тавимагц нутаг гүйсэн.

-Танай хонгор морь өмнө нь нутаг гүйдэг байсан гэсэн шүү дээ. Энэ талаар дэлгэрүүлж яривал?

-Энэ манай унаган морь. Өмнө нь нэлээд хэдэн удаа нутаг гүйж байсан. Адуун сүргээ орхиод гүйгээд ирдэг юм. Миний санаж байгаагаар Хархориноос нэг гүйж ирж байсан. Ойрхон газруудаас ер нь их нутаг гүйж байсан адуу байгаа юм.

-Морь нь хэдэн километр газрыг хэдэн өдөр туулж нутагтаа хүрсэн бэ?

-360 км газар гурван өдөр хагастай яваад нутагтаа ирсэн. Ер нь нэг өдөрт 100 гаруй км гүйгээд байсан юм байна лээ.

-Морио ачиж Архангайд аваачихдаа ямар замаар явав. Морь нь буцаад ямар замаар гүйж ирэв?

-Нутаг руугаа шууд шулуун явсаар байгаад ирсэн. Бид бас ачиж хүргэж өгөхдөө гүйж ирсэн замтай нь ойролцоо шулуун замаар явсан.

-Гүйж яваа хонгор морины замд сонин хачин зүйл юу тохиолдож байна.

-Хонгор үрээгээ би өөрөө яг дагаж яваагүй. Гэртээ ирээд хүлээж байсан. Ю.Үнэнбүрэн ахын шууд бичлэгээс харахад морь маань ер нь нэг их сааталгүй шулуун хурдтай гүйж байсан. Зарим газар адуутай тааралдана. Азарга нь хонгор үрээг очиж үнэрлээд явах замд нь саад болохгүй гэж байгаа юм шиг буцаад явчихна. Гүйж яваа морь маань ч тогтсон юмгүй үргэлжлүүлээд шууд шогшиж байсан. Тэр жаахан сонин харагдсан. Бас замдаа хааяа нэг амарч хоёр цаг идчихээд хүчээ сэлбэж гүйгээд байсан.

-Гүйж яваа морь нутгийн бараа харахаар амаа ч газар хүргэдэггүйг өмнөх нэвтрүүлгүүдээс харж байсан. Хонгор морины хувьд нутгаа хараад ямар үйлдэл үзүүлэв?

-Сүүлийн өдөр нутагтаа дөхөөд 70 км зам огт зогсолгүй хатирсан байсан. Тэгээд манай хойно байх тогтоол уснаас жаахан ундаалаад гэрийн гадаа шууд давхиад ирж байна лээ. Гадаа адуун сүрэг нь байсан юм. Сүргээ тойрч янцгааж давхиад санаан амарсан шинжтэй амгалан болчихсон.

-Хонгор морь эх нутагтаа ирж буй баярт үйл явлыг нь ямар хүмүүс хуваалцсан бэ?

-Ах дүү нар, нутгийн ахмадууд гээд олон хүн ирсэн. Бүгдээрээ л Хонгор морийг харж огшиж, бахархаад бид маш их баярлаж угтсан.

-Танай Хонгор морь өмнөх гүйгүүл морьдоос хурдан бас сэрэглэн байсан болохоор шууд дамжуулалтын үзэгчид нэр хайрласан гэсэн үү?

-Тиймээ. Миний хонгор морь Ю.Үнэнбүрэн ахын гүйлгэсэн “өмнөх дөрвөн мориноос хамгийн сүпер нь байлаа” гэж ярьж байсан. Хурдан ч ирсэн л дээ. Морь нь өөрөө шаламгай, зоригтой, сэрэглэн адуу. Тэгээд олон түмэн ч түүнийг нь үнэлэж “Цоглог хонгор” гэдэг нэр хайрласан байсан.

ФОТО: