Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн талаар тус комиссын төлөөлөл хэвлэлийн хурал зохион байгуулав.
Хүргүүлсэн шаардлага, зөвлөмжийн эрхийн төрлөөр нь ангилж үзвэл:
- Хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр хүргүүлсэн хоёр шаардлага, 10 зөвлөмж
- Ажлын байрны дарамт, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн чиглэлээр гурван шаардлага
- Ажлын байрны бэлгийн дарамтаас ангид байх чиглэлээр хоёр шаардлага, нэг зөвлөмж
- Албадан хөдөлмөрөөс ангид байх эрхийн чиглэлээр нэг шаардлага
- Хүүхдийн эрхийн чиглэлээр найман шаардлага, гурван зөвлөмж
- Ахмадын эрхийн чиглэлээр хоёр шаардлага, нэг зөвлөмж
- Сурч боловсрох эрхийн чиглэлээр нэг шаардлага, хоёр зөвлөмж
- Хувийн нууцтай байх эрхийн чиглэлээр нэг шаардлага, гурван зөвлөмжийг холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад тус тус хүргүүлжээ.
ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар "Нийслэлийн Ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажил олон жил ашиглалтад орохгүй удсанаас сурагчдын сурч боловсрох эрх зөрчигдсөн. Иймд тус өргөтгөлийн барилгыг яаралтай ашиглалтад оруулах бүх талын арга хэмжээг авах тухай Монгол Улсын Засгийн газрын гишүүн, хуучнаар Боловсрол шинжлэх ухааны сайд 2024 оны тавдугаар сарын 29-ний өдрийн шаардлагыг хүргүүлсэн. Шаардлагын хариуг зургаадугаар сарын 29-ний дотор ирүүлэхээр хугацаа заасан боловч хариу ирүүлээгүй.
Монгол Улсын Засгийн газар шинээр байгуулагдаж, салбарын сайд өөрчлөгдсөн тул комиссын гишүүний шаардлагыг шинэ сайдад танилцуулж биелэлтийг ирүүлэх албан бичгийг Боловсролын яамны төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй байна.
Монгол Улсын Хүний эрхийн тухай хуульд зааснаар комиссын гишүүний шаардлагын дагуу арга хэмжээ аваагүй албан тушаалтныг албан тушаалаас нь огцруулах, 28.3 дахь хэсэгт зөвлөмжийн дагуу арга хэмжээ аваагүй бол албан тушаал бууруулах саналыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ гэж хуульчилсан. Иймд комиссын гишүүний шаардлагыг хэрэгжүүлээгүй, хариу ирүүлээгүй дээрх яамдын холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох ажлыг хүргүүлэхээр ажиллаж байна.