УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар улсын төсвийн 2023 оны гүйцэтгэлийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням үг хэллээ. Тэрбээр "Он дуусахад нэг улирал үлдэж байна. Сая төсвийн тодотголоор гурван их наяд төгрөгийн төсөв нэмж авлаа. Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг дуусаад, гурав дахь хэлэлцүүлэгтээ орж байна. Өөрөөр хэлбэл гурван их наядын төсөв батлах гэж байна. Тэгэхээр худалдан авах ажиллагааны гүйцэтгэл, төсвийн зарцуулалт ямар шатандаа явагдаж байна вэ, гэж асуумаар байна. Төрийн томоохон худалдан авалт, аж ахуйн чанартай ажлуудад төсөв баталлаа. Шинэ ЗГ бүрдээд ажлаа эхлэх хэрэгтэй гэж үзэж, төсөв баталсан. Гэхдээ нийслэл хотын утааг багасгах нэрээр барьж байгаа нүүрс угаах үйлдвэр нь 40 гаруй тэрбум төгрөг залгиад, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр үр ашиггүй гэсэн нь хэвлэл мэдээллийн байгууллагаар гарч байна. Энэ бол 100 хувь татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. Энэ мэтийн хариуцлагагүй үйлдлүүдэд ямар арга хэмжээ авч, хариуцлага тооцож байна вэ. Авилгалын билэг тэмдэг болсон "Авлигал хороолол"-д хаанаас тог өгөөд байгаа вэ. Нураана гэсэн хэдий ч өдий болтол нураагаагүй гаднах фассадаа хийж байна, удахгүй ашиглалтад орно. Та нар авилгал хорооллыг буулгаж дийлэхгүй байна уу. Хууль тогтоомжыг нь харахаар төмөр замын дэргэд барилга барьж болохгүй байсан. Үүн дээр ямар арга хэмжээг авч байгаа талаар БХБЯ-ны сайд болон хотын дарга нар эрчим хүчний яамдууд хариулт өгнө үү" гэлээ.
Ташрамд дурдахад, "Таван толгой түлш"-ийн "Нүүрс баяжуулах үйлдвэр барих" төсөлд 44.6 тэрбум зарцуулсан ч төслийг цааш хэрэгжүүлэх нь үр ашиггүй гэх мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан талаар isee.mn сайт өчигдөр мэдээлсэн билээ. Мэдээллийг ЭНД дарж унших.
ВИДЕО: