Манай улс Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна

Манай улс Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна

Өнөөдөр Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр тохиож байна.

Энэхүү өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 13-ныг энэхүү өдөр дэлхий нийтээр тэмдэглэдэг бөгөөд 35 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жил дэлхий даяар тус өдрийг “Гамшгийг даван туулах чадавхтай ирээдүйн төлөө хойч үеэ чадавхжуулах нь” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм. Өөрөөр хэлбэл, улс орнуудыг сургуулийн насны хүүхдүүдийн гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд боловсролын салбараар дамжуулан гурван үндсэн чиглэлд хөрөнгө оруулалт хийхийг уриалж байгаа аж.

Үүнд:

  • Аюулгүй сургууль, боловсролын байгууламжаар дамжуулан хүүхэд, залуучуудыг хамгаалах: Хүүхдүүд аюулгүй орчинд суралцах эрхтэй бөгөөд энэ нь сургуулиудыг гамшигт тэсвэртэй, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх системийн нэг хэсэг болгохоос эхэлнэ.
  • Хүүхэд, залуучуудад тулгарч буй эрсдэлийг ойлгож, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд нь насны ангилалд тохирсон боловсролоор дамжуулан аюулгүй байдлыг хангах боломжийг олгох.
  • ЮНЕСКО, НҮБ-ын Хүүхдийн сан тэргүүлдэг Боловсролын салбарын Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшигт тэсвэртэй хот дэмжих дэлхийн холбоо (GADRRRES)-оос боловсруулсан Сургуулийн аюулгүй байдлын 2022-2030 оны иж бүрэн тогтолцоог баталж, хэрэгжүүлэх гэсэн үндсэн чиглэл багтаж байна.

Энэхүү олон улсын өдрийг тохиолдуулан төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын хэмжээнд Шадар сайдын баталсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын удирдамж”-ийн хэрэгжилтийг хангаж, байгууллагын үйл ажиллагаа болон Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлах өдөрлөг зохион байгуулж, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтийн дунд сургалт, дадлагуудыг зохион байгуулав. 2015-2030 он хүртэл Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ баримт бичигт дурдсанчлан хүүхэд залуучуудыг чадавхжуулж, “гамшгийн эрсдэлийг бууруулахад хувь нэмрээ оруулах орон зай, арга зүйгээр” хангах нь мөн адил чухал юм.