Улаанбаатар хотод автомашины зогсоолын хүрэлцээ муу, түгжрэлийг бууруулахын тулд зориулалтын зогсоол ашиглахыг шаардаж буй энэ үед иргэд гарааш, дулаан зогсоол эзэмшсэнийхээ төлөө жил бүр үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлж байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль 2000 онд батлагдсан бөгөөд 2010 оны нэмэлт, өөрчлөлтөөр татварын хэмжээг хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг харгалзан 0.6-1.0 хувиар тооцохоор зохицуулжээ. Харин 2021 оны долоодугаар сарын 7-ны нэмэлт, өөрчлөлтөөр татварын дээд хэмжээг 2 хувь болгон нэмэгдүүлсэн байна. Улмаар 2023 онд нийслэлийн 204 хороог таван бүсэд хувааж, байршлаас нь хамааран 0.6, 0.8, 1 хувийн татвар ногдуулах бүсчлэлийг баталжээ.
Тэгвэл гараашийн татвартай холбоотой маргаан дэгдэж эхлэхтэй зэрэгцэн өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын гишүүн А.Ганбаатар “Гараашны татвар цуцлуулах” хуулийн төслийг боловсруулж эхэлсэн гэх бөгөөд есдүгээр сард Засгийн газарт хүргүүлжээ. Үүний дараа Ерөнхий сайдын зөвлөх, хуульч О.Батхүү e-zasag системээр дамжуулан “Гараашны татвар цуцлуулах өргөдөл”-д иргэдийн гарын үсгийг цуглуулж, 100 мянгад хүргэн Засгийн газарт хүргүүлсэн. Ингээд Засгийн газраас дээрх хоёр саналыг нэгтгэн УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон юм.
Ийнхүү өнгөрсөн хавраас хойш олон маргаан дагуулсан гараашийн татварыг цуцлах асуудлыг УИХ-д хүргүүлсэн ч уг зохицуулалтаар ердөө нэг гараашийг л татвараас чөлөөлөхөөр байна. “Дуу нь тэнгэрт, дусал нь газарт” гэдэг шиг 100 мянган иргэний гарын үсэг цуглуулж, сүр дуулиан болгосон ажлын үр дүн нь ийм.
Угтаа гарааш бол иргэдийн хувьд ашиг орлого олох зориулалттай хөрөнгө гэхээс илүүтэй автомашинаа байрлуулах, өвлийн хүйтэн, зуны халуун, цас борооноос хамгаалах хэрэгцээний нэг хэсэг юм. Тэр тусмаа автомашины зогсоолын хүрэлцээ муутай Улаанбаатар хотод иргэд өөрийн мөнгөөр гарааш, дулаан зогсоол худалдан авч, машинаа зориулалтын байранд байрлуулж байгаа нь хотын түгжрэл, зогсоолын асуудлыг шийдэхэд ч тодорхой хэмжээнд хувь нэмэр оруулж буй хэрэг. Гэтэл ийм хөрөнгө эзэмшсэнийх нь төлөө жил бүр татвар ногдуулах нь иргэдийг зориулалтын зогсоол ашиглахад дэмжих бус, харин ч гарааштай байхын эдийн засгийн ачааллыг нэмэгдүүлж байна. Нэгэнт гарааш эзэмшигчид худалдан авсан хөрөнгийнхөө төлөө СӨХ-ийн үйлчилгээ, дулаан, цахилгаан болон бусад ашиглалтын зардлыг төлдөг.
Түүнчлэн нийслэл нэг талаас түгжрэлийг бууруулахын тулд автомашиныг зориулалтын зогсоолд байрлуулахыг шаардаж, зөвшөөрөлгүй газар болон нэгдүгээр эгнээнд байрлуулсан автомашинд хариуцлага тооцож байгаа. Гэтэл нөгөө талаас зориулалтын гарааш, дулаан зогсоол эзэмшсэнийх нь төлөө жил бүр нэмэлт татвар ногдуулж байгаа нь бодлогын зөрчил үүсгэж байна.
Гараашийн татварыг цуцлуулах зорилготой төсөл санаачилчхаад нэг л гараашийг чөлөөлөхөөр хязгаарласан нь асуудлыг бүрэн шийдэхгүй. Иргэн өөрийн хэрэгцээнд зориулж хэд хэдэн зогсоол эзэмшсэн байлаа гээд түүнийг заавал орлого олж байгаа хөрөнгө гэж үзэх нь зохимжгүй юм. Харин гараашийг түрээслүүлж, тогтмол орлого олж байгаа тохиолдолд татварын зохицуулалтыг өөрөөр авч үзэх боломж бий. Гэтэл хувийн хэрэгцээний болон орлого олох зорилгоор ашиглаж буй гараашийг ялгалгүйгээр татвар ногдуулж байгаа нь зохицуулалтын гол асуудал юм. Өөрөөр хэлбэл, нэг гараашийг татвараас чөлөөлсөн нэрийн дор иргэний хоёр дахь, гурав дахь гараашийн татварыг хэвээр үлдээх нь гараашийн татварын маргааныг эцэслэн шийдвэрлэсэн хэрэг биш юм.