Т.Номин: “Хайрлаж болох уу” киноны Номин, “Хатариш” дууны Мино гээд уран бүтээлээрээ овоглох сайхан байдаг

Т.Номин: “Хайрлаж болох уу” киноны Номин, “Хатариш” дууны Мино гээд уран бүтээлээрээ овоглох сайхан байдаг

Одоогоос 16 жилийн өмнө “Хайрлаж болох уу” гэдэг нэртэй цэвэр ичимхий хөдөөний охин, хотын баян залуу хоёрын хайр сэтгэл, бүтэлгүйтлийн тухай өгүүлдэг кино гарч, үзэгчдийг кино театр луу хуйлруулж, дэлгэцийн өмнө инээмсэглэл дүүрэн суулгаж байлаа. Isee.mn сайт энэ удаагийн Social ID буландаа энэхүү киноны гол дүрийн эмэгтэй, Номингийн дүрийг бүтээсэн жүжигчин Т.Номинг урьж ярилцлаа.

ВИДЕО: 

- Урилгыг маань хүлээн авсан танд баярлалаа. Манай уншигчдын ихэнх нь таныг таньж байгаа байх.

- Баярлалаа. Намайг Т.Номин гэдэг. Жүжигчний мэргэжлээ сурч, нэг хэсэг ажиллаж байгаад бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлийн хүн болсон. Одоо маркетингийн чиглэлээр голчлон ажиллаж байна даа.

- Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас ярилцлагаа эхэлье.

- Сүүлийн үед өөрийн үндсэн мэргэжил, маркетингийн ажилдаа илүү төвлөрч ажиллаж байна. Гэхдээ мэдээж урлагтайгаа холбоотой байлгүй яахав. Өнгөрсөн зун нэг нэвтрүүлэгт орлоо. Намар бас нэг уран сайхны кинонд туслах дүр бүтээсэн. Одоо удахгүй нээлтээ хийх гэж байгаа. Уран сайхны кинонд тоглож, эргээд дэлгэцээр гарна гэхээр бас их догдолж байгаа шүү.

- Жүжигчин Т.Номингийн нэрийн хуудас болсон кино бол яах аргагүй “Хайрлаж болох уу” уран сайхны кино. Энэ кинонд тоглох болсон түүхээсээ хуваалцахгүй юу.

- Одоогоос 16 жилийн өмнө, өсвөр насны хүүхэд байхдаа “Хайрлаж болох уу” киноны сонгон шалгаруулалтанд орж байлаа. Тэр үе маань саяхан болж өнгөрсөн юм шиг л сэтгэлд тод үлдсэн байна. Жүжигчний мэргэжлээр сурч ч эхлээгүй байх үедээ гайхалтай хувь тохиолоор энэ кинонд тоглосон юм. Тухайн үед нэг хүнээс киноны сонгон шалгаруулалт болж байгаа гэж сонсоод очиж шалгуулж байсан юм. Би уг нь орохоосоо өмнө тийм ч их сандраагүй юм. Гарч ирчихээд л их сандарч байсан шдээ. Яагаад гэхээр гарч ирчихээд шалгаруулалт орох гээд хүлээж байгаа охидуудыг харсан чинь бүгдээрээ маш хөөрхөн, гоё биетэй, бас хэдийнээ олны танил болсон охидууд ч бас байсан. Тэгээд л “Ийм мундаг хүмүүс орж байхад би шалгарах нь юу л бол доо, шал тэнэг юм хийчихлээ” гэж бодоод л гарч байлаа. Тэгтэл хоёр хоногийн дараа нэгэн дуудлага ирсэн юм даа. “Сайн уу, киноноос ярьж байна. Баяр хүргэе. Чамайг Намууны дүрд сонголоо” гээд л ярьсан. Кино хоёр эмэгтэй гол дүртэй байсан юм. Тэгтэл төд удалгүй дахиж залгаад “Өө, уучлаарай андуурчихаж” л гэсэн. Би чинь нөгөө учиргүй баярлаж байсан хүн чинь тэр дороо сонин болоод л, “Би тэнцээгүй юм байна” гэж бодсон чинь Намуун биш Номингийн дүрд тэнцсэн юм билээ. Тэгж Номин би Номингийн дүрд тэнцэж байлаа.

Жүжигчин Т.Номин

- Ямартай ч сонгон шалгаруулалтандаа тэнцээд авлаа. Дараа нь кинондоо тоглоно гэж том даваа бий шүү дээ...

- Миний анхны гол дүрд тоглосон кино учраас надад мэдэхгүй, чадахгүй зүйл маш их байсан. Тэр бүхэн минь эргээд харахад их сайхан дурсамж болсон юм байна. Тэр үед бүх л зүйл шинэ содон... Найруулагчдаа загнуулахаараа шантарна, гуниглана. Гэсэн ч хүүхдийн дэврүүн сэтгэлээр эргэж сэргэх нь их хурдан. Загнуулаад л нэг өрөөний буланд очиж жоохон уйлж байгаад эргээд л сэргээд гараад ирдэг байсан даа. Хамгийн хөгжилтэй нь гэвэл, кинонд тоглоно гэхээр би бодохдоо нүүрээ будаад л хөөрхөн болно гэж бодож байгаа шүү дээ. Гэтэл намайг ерөөсөө буддаггүй. Харин ч бүр үсийг хойш нь гөлчийтөл нь боочихдог байсан. Тэгээд л Шүүдрээтэйгээ хоёулаа кинон дээр хөөрхөн гарах юм сан гээд, хааяа Шүүдрээгийнхээ харандаагаар гялс нүдээ зурах ч үе байсан. Тэгээд мэдээж камер дээр харагдана. Эхэндээ загнуулаад л угаадаг байлаа. Сүүлдээ ч бүр угаасаа байгаагаараа л гарах ёстой юм байна гээд нүдээ будахаа ч больсон.

- “Хайрлаж болох уу” киноны Номингийн дүр, амьдрал дээрх Номин хоёр хоорондоо ялгаатай юу?

- Энэ хоёр Номин бол маш ойрхон. Тийм ч их хичээж, ядаж жүжиглээгүй. Цаанаасаа л урсаад байсан гэхэд болно. Кинон дээр Тэмка ахыг утсаа оролдож байхад цонх арчингаа “Би чамд анх хараад л дурласан” гээд ярьдаг хэсгийг ч юмуу жишээ нь өөрийнхөө мэдрэмжээр ургаж, урсаж тоглосон доо.

Жүжигчин Т.Номин

- Кино гарсны дараа үзэгчид ямар сэтгэгдэл илэрхийлж байв. Зарим жүжигчдийг насан туршид нь киноных нь дүрээр л бодож, хайрлаж явдаг тохиолдол олон байдаг...

- Одоо бодоход тэр кино маань цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүсийн сэтгэлд үлдсэн нь мэдэгдэж байгаа. Тухайн үед бол хүмүүс “Хайрлаж болох уу” дээр тоглодог Номин байна гэж бодоод л өнгөрдөг байсан байх. Түүнээс хойш олон жил өнгөрсөн хэдий ч хүмүүс их хайртай байдаг юм билээ. Ялангуяа хөдөө ажлаар явж байхад хөдөө орон нутгийн маань үзэгчид бүр илүү сайн таньдаг. Яагаад гэхээр Номингийн дүр хөдөөний гэнэн, цайлган охины дүр байсан учраас хөдөөний үзэгчид бүр илүү хайртай байдаг юм шиг санагддаг юм. Зарим хүмүүс “Чамайг хоолойгоор нь танилаа, мөн байна” гээд л хэлдэг юм.

- Кинонд тоглохоосоо өмнө бас олон брэндийн нүүр царай болж ажиллаж, бас охидын хамтлагт дуулж байсан. Энэ талаараа яривал...

- 2006 онд “New Face” гээд реклам, клипны шинэ дүр төрх шалгаруулдаг тэмцээнд оролцож “Фото загвар өмсөгч” гэдэг шагналыг авч байлаа. Тэрнээс хойш ганц нэгэн рекламанд тоглож эхлээд, Скайтел, Моносын Сарнай охидын брэнд, Эйрмаркетийн нүүр царай болж ажиллаж байлаа. Дараа нь кинондоо тоглоод, үргэлжлүүлэн “Sound of Kiss” охидын хамтлагийнхаа хамгийн отгон гишүүнээр элссэн байдаг. Дараа нь ганцаараа уран бүтээлээ хийсэн гээд л...Миний амьдрал ер нь их хурдтай, огцом шийдвэрүүдээр дүүрэн байдаг юм. Байнгын өөрийгөө дайчилдаг төрлийн л хүүхэд байсан даа.

Жүжигчин Т.Номин

- “Хайрлаж болох уу” киноноос гадна “Хатариш” гэж таны нэрийн хуудас болсон дуу байдаг шүү дээ.

- Тэгэлгүй яахав. Яг овог шиг л байдаг шдээ. “Хайрлаж болох уу” -ын Номин, “Хатариш”-ын Мино гээд л. “Хатариш” бол миний хайртай, чөдрийн ганц дуу гэдэг шиг л, хаа ч явсан дуулж байдаг, үр өгөөжөө өгсөн буянтай дуу. Үгийг нь шинэчилж дуулсан шүү дээ. “Цэцэгт номин талынхаа зэрэглээн дунд нь хатиръяа” гээд миний нэрийг оруулсан байдаг юм.

- Цаашдын төлөвлөгөө, зорилгоо дурсаад энэхүү ярилцлагаа өндөрлөе.

- Одоо удахгүй шинэ он гарах гэж байна. 2027 ондоо олон сайхан ажил хийхээр төлөвлөж байгаа. Мэдээж урлагтаа ойрхон байна. Шинэ уран бүтээлээр та бүхэнтэйгээ уулзах байх гэж найдаж байгаа. Одоо том болсон эмэгтэйн хоолойгоор уран бүтээлээ хүргэнэ ээ. Гэхдээ хүний төрөлх хоолой бол хэзээ ч өөрчлөгддөггүй л юм билээ. /инээв/

- Ярилцсанд баярлалаа.

Жүжигчин Т.Номин




Өнөөдөр морь өдөр

58 минутын өмнө