Дорнод аймгийн Матад сум дахь Газрын тос олборлох “Матад-XX” талбайн “Цэн тогоруу-1” газрын тосны орд /2024.10.25/-ны өдөр нээлтээ хийж, газрын тос олборлож эхэлсэн билээ.
Орд илэрсэн “Матад-XX” талбай нь 10340 км квадрат талбайг хамардаг бөгөөд Дорнод аймгийн Матад сумын нутаг буй Тамсагийн сав газрын баруун урд үзүүрээс Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрийг дамнаж оршдог байна. Харин ордыг илрүүлсэн “Петроматад” компани нь Петровис компанийн санаачилгаар 2005 онд байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай үндэсний компани аж. Түүнчлэн “Петроматад” компани нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын газрын тосны хайгуулын салбарт нийт 120 орчим сая ам.доллар зарцуулж, 1800 тууш км-т чичирхийллийн 2 хэмжээст судалгаа, 134 км² талбайд 3 хэмжээст судалгаа, 14 хайгуулын цооногийн өрөмдлөг, туршилтын ажлуудыг гүйцэтгэсний үр дүнд 8.7 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тосны баталгаат нөөцийг 2021 онд бүртгүүлж, ашиглалтын тусгай зөвшөөрлөө энэ ондоо багтан авсан байна.
Гэвч орон нутгаас өгөх зөвшөөрөл удсанаас болж, олборлолтоо эхлүүлж чадахгүй байсаар өнөөдрийг хүрчээ. Улмаар "Петроматад" компанийн “Цэн тогоруу-1” ордын нээлт энэ сарын 15-ны өдөр болсон юм.
Энэ үеэр АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар үг хэлэхдээ, "Өнөөдөр бид Монгол инженер, геологичид, геофизикчид өөрсдөө илрүүлсэн, үндэсний компанийн газрын тос олборлох орд ашиглалтад орж байгаагийн гэрч болж байна" хэмээв. “Цэн тогоруу-1” цооногоос 2024 онд туршилтын байдлаар өдөрт 200 баррель газрын тос олборлох төлөвлөгөө гарч, шингэн хагалбарын ажил, цооногийн гадаргуугийн байгууламжийн угсралтын ажлууд хийгдсэн байна. Түүнчлэн, албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар “Манай компанид өнөөдөр 35 хүн ажиллаж байна. “Петроматад” компани УУХҮЯ-аар орд ашиглах төлөвлөгөөг 25 жилээр батлуулсан бөгөөд газрын тос олборлох бүтээн байгуулалтын үйл ажиллагаа өргөжин тэлснээр, Дорноговь аймагт бүтээн байгуулалтын шатанд явагдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрлэл, технологийн паркийг тосоор хангана. Тэр бүтээн байгуулалт дуустал бид газрын тосоо түүхийгээр нь экспортолно. Цаашлаад Монгол Улс дотоодын хэрэгцээнийхээ 55 хувийг өөрсдөө хангахаар төлөвлөж байна” гэв.
Ташрамд сонирхуулахад, “Петроматад” ХХК нь 2005 онд байгуулагдаж, 2006 онд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, 2008 онд Лондонгийн хөрөнгийн биржид хувьцаагаа гарган Олон улсын хөрөнгийн зах зээлд хөл тавьсан анхны Монгол компани юм.
Б.Наранчимэг