Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний реформ хийнэ гэдгээ зарласан. Монгол Улс эрчим хүчний хэрэглээнийхээ 22-23 хувийг хоёр хөршөөсөө өндөр үнээр импортолдог. Үйлдвэр, метро барих гэхээр эрчим хүч байхгүй байгаа.
Тиймээс бид дунд шатандаа эрчим хүчийг 100 хувь дотоодоосоо хангах, шаардлагатай үед хоёр хөршөөсөө авах байдлаар зорилт тавин ажиллаж байна. Харин богино хугацаандаа үнэ тарифыг нэмэх ажил хийнэ. Ингэхдээ ААН-үүд болоод иргэдэд дарамтгүй байхаар зохицуулалт хийнэ. Эрчим хүчний салбарт цогц шилжилт хийнэ. Эрчим хүчний реформ хийх асуудлыг Засгийн газрын түвшинд хэлэлцэн өнөөдрийн байдлаар УИХ-ын 100 гаруй гишүүн дэмжсэн байна. Өнөөдрөөс эрчим хүчний цогц шилжилт хийх ажлыг албан ёсоор эхлүүлж байна. Тиймээс нам харгалзахгүй нэгдмэл байя гэдгийг уриалмаар байна.
Арваннэгдүгээр сарын 1-нд Эрчим хүчний зохицуулах хороо хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу үнэ, тариф нэмэх асуудалд мэдээлэл хийх байх гэдгийг Шадар сайд Т.Доржханд мэдэгдсэн юм.
Тэгвэл энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос тодруулахад "Эрчим хүчний зохицуулах хороо үнэ, тариф нэмэх талаар эцэслэн шийдвэр гаргаагүй байгаа гэв. Тиймээс хороо хуралдаж, үнэ, тарифыг хэдэн хувиар нэмэх талаар шийдвэрээ арваннэгдүгээр сарын 4-нд буюу ирэх Даваа гариг танилцуулна" гэлээ.