“FIBA Asia Cup 2025 Qualifiers” тэмцээний 11 сарын тоглолтууд үргэлжилж байна. Тухайлбал, манай сагсбөмбөгийн шигшээ баг саяхан Японы Уцуномия хотод тус улсын шигшээ багтай тоглож 93-75-ын харьцаатайгаар ялагдсан. Манай улсын шигшээ баг дараагийн тоглолтоо өнөөдөр /2024.11.24/ БНХАУ-ын багтай эх орондоо хийх юм.
Иймд шигшээ багийн тамирчин Б.Билгүүн монголчуудад хандан, "Хятадын шигшээ баг болон багаа дэмжихээр ирсэн хятад иргэдэд хүндэтгэлтэй хандаж соёлтой байх"-ыг уриалсан байна.
Тэрбээр өөрийн facebook хуудастаа, "Хятад улсын шигшээ баг Монгол улсад хүрэлцэн ирсэнтэй холбоотойгоор сагсан бөмбөг сонирхогч та бүхэнд анхааруулах зорилготой нэг хүсэлт уриалгийг хэлэх гэсэн юм аа. Шигшээ багаа дэмжихээр Монголд амьдардаг хятад иргэд болон оюутан залуучууд маргаашийн тоглолтод нэлээдгүй ирэх хандлагатай байна. Тийм учраас манай монголчууд маань Хятадын шигшээ баг болон багаа дэмжихээр ирсэн хятад иргэдэд хүндэтгэлтэй хандаж соёлтой байхыг уриалах гэсэн юм аа" гэжээ.