УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.11.29/ хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Төсвийн асуудал дээр маш нухацтай хандаж, хурдан шийдэхгүй бол төрийн санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө. Цаашлаад нийгэм, эдийн засгийн олон сөрөг үр дагаврыг бий болгоно. Үүний цаана төрийн албан хаагчдын цалин, төсөвт байгууллагуудын урсгал зардал, сургууль цэцэрлэгийн санхүүжилт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний асуудал гээд асар олон зүйл бий. Одоо дахиад эхнээс нь хэлэлцүүлэг хийж, явуулах цаг хугацаа, шаардлага ч байхгүй. Дахиад л хэсэг бүлэг хүмүүсийн хийрхэл ороод ирэх юм бол төсвөө баталж чадахгүй хэмжээнд хүрнэ. Тиймээс Сангийн яам тогтоолын төслийг дахин өргөн барьж, УИХ хялбаршуулсан журмаар түргэн шуурхай хэлэлцэж албажуулах хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийллээ.