Нийслэл энэ онд 500 тэрбум төгрөгийг дотоод бонд, 500 тэрбум төгрөгийн гадаад бондыг арилжаанд гаргасан. Дотоодын бондыг хэрхэн юунд зарцуулсан талаар болон одоо гаргаж буй гадаадын 500 сая ам.долларын бондыг хэрхэн юунд зарцуулах талаар Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуултай ярилцлаа.
ВИДЕО:
-Нийслэлийн 2025 оны төсвийн төсөөллийг хэлэлцэж байна. Үүн дээр автомашины татвар, зам ашигласны татвар зэргийг тав дахин нэмэгдүүлнэ гэсэн байгаа. Магадгүй татвар нэмэх байдлаар энэ онд босгосон 500 тэрбум төгрөгийн дотоодын бондын төлөлтийн өрийг барагдуулах гэж байгаа юм биш биз?
-Өмнө нь жилд 40-50 турбумыг зам засварт зарцуулж ирсэн юм байна лээ. Харин өнгөрсөн жил 400 тэрбумыг зам засварт зарцуулсан. Энэ бол 9-10 дахин нэмэгдсэн дүн. Голдуу төв магистрал замуудаа нэгмөсөн сайн засахыг бодсон. Үүний 150 тэрбумыг бондоос гаргаад, үлдсэн 300 тэрбумыг улсын төсвөөс гаргасан гэсэн үг. Иймд зөвхөн бонд төлөх гээд замын хураамжаа нэмэгдүүлээд байгаа гэсэн үг биш.
Замын хураамжийг 10 гаруй жил нэмээгүй явж ирсэн. Приус машин гэхэд жилд 20 мянган төгрөгийн хураамж замын санд төлдөг. Иймд бид зах зээлийн зарчим руу аваачиж, төлбөрөө нэмэхийг л бодож байгаа юм.
-500 тэрбумын дотоодын бонд гаргасан. Үүнийхээ 300 тэрбумыг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад олгож, 150 тэрбумыг замын бүтэн байгуулалтад зарцуулсан гэсэн байна. Энэ бондын бүтээн байгуулалт үнэхээр зөв шийдэл байсан гэж үзэж байгаа юу?
-Бид бондоо гаргахдаа хөрөнгө оруулагч нартаа яг ийм ажил хийнэ гэж тайлбарласан. Нэг үгээр амлалт өгч байна гэсэн үг. Мөн Засгийн газар, УИХ-аас эрх авсан. 2021 оноос дэлхий нийтэд нүүрсний цахилгаан станцын хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсон. Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг хувийн хэвшил барьж байгаа. Тэгээд барьж явсаар дотоод өр тулаад, гадаадаас зээл авах боломжгүй болсон л зүйл. Иймд бид хувийн хэвшилдээ дэмжлэг болоод, бондоо дамжуулан зээлдүүлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл бондынхоо хүүг цахилгаан станцаас төлнө. Ингэснээр бид цахилгаан станцыг энэ өвөлдөө ашиглалтанд оруулах боломжтой болсон.
-Ярианыхаа эхэнд зам ашигласны төлбөр автомашины төлбөр нэмэгдэж байгаа талаар ярьсан нь учиртай. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхдаа Чингис, Самурай бонд гаргаж, улсаа өрөнд орууллаа гэж баахан шүүмжилсэн. Гэтэл Улаанбаатар хот энэ жил анх удаа 500 тэрбум төгрөгийн дотоодын бонд, 500 сая ам.долларын гадаадын хаалттай бонд гаргасан. Энэ бондыг гаргах эрхийг Улаанбаатарт хэн өгөөд байгаа юм бэ?
-Эхлээд тодотгол дээрээ заагаад өгчихөж байгаа юм. Нийслэл төдий хэмжээний бондыг ийм зүйлд зарцуулна гэсэн шийдвэрийг гаргасан.
Түүнийгээ дагаад нийслэлийн төсвийг баталж өгөөд, хууль дүрмийн дагуу энэ бондыг гаргасан. Гэхдээ энэ нь хуулиндаа болно гэж заагаад амархан гарчихдаг зүйл биш. Саяхан манай зээлжих зэрэглэл өссөн. Үүний цаг хугацааг давхцуулж байгаад, аль болох бага хүүтэй зээлийг авчихаж байгаа юм. Өмнөх бондоос юугаараа ялгаатай вэ гэвэл өмнө нь Чингис, Самурай бондоос оруулж ирсэн мөнгөө юунд зарцуулахаа мэдэхгүй байсан. Тэгээд одоо болтол яваагүй үлдсэн том том төслүүдийг хийхээр төлөвлөсөн байдаг. Харин энэ удаад бид гадаадаас авч буй 500 сая долларыг зөвхөн Сэлбэ голын дэд бүтцийг хөгжүүлэх үүрэг хүлээсэн. Тэгэхээр өөр зүйлд захиран зарцуулж болохгүй гэсэн үг. Сая 21-нд гадаад бондын 500 сая доллар ороод ирсэн. Бид Монгол банкин дээр яагаад хадгалж байна вэ гэхээр Монгол банк болон нийслэл давхар хяналтаа тавина боломжтой болж байгаа юм.
-Ард түмэн хардаж байж магадгүй. Гадаадад гаргаж буй 500 сая ам.долларыг хаалттай байдлаар гаргасан байна. Яагаад хаалттайгаар гаргаж байгаа юм бол. Мөн 500 саяын нийслэлийн бондыг гадаадын ямар компани худалдаад авчихсан юм бэ?
-Хаалттай гэдэг нь орчуулгын алдаатай үг байх. Манайхаар л ингэж орчуулаад байгаа юм. Тайлбарлавал бид өөрсдөө саналаа гаргаад тохирох компанитайгаа шууд арилжаагаа хийгээд дуусгачихыг хэлж байгаа юм. Энэ нь цаг хугацааны хувьд хавь илүү хурдан байдаг. Түүнээс биш хаалттай гээд нууцлаад байгаа зүйл байхгүй. Манай бондын талаарх мэдээлэл нээлттэй блүүмбэрг дээр байгаа. Мөн аль болох томоохон хөрөнгө оруулагч нарыг оруулж ирэхийг зорьсон. Томоохон компаниуд яагаад манайхыг сонирхож байна вэ гэхээр нэгдүгээрт үр ашигийг нь тооцоод төлөгдөх боломжтой юм байна гэж үзсэн. Мөн гэр хорооллыг орон сууцжуулаад, утаа түгжрэлийг арилгах нийгмийн ач тустай юм байна гэж үзсэн. Ингээд хоёр том сан ороод ирэхээр жижиг дунд компаниуд нь дагаад ороод ирсэн.