“Дүнжингарав” худалдааны төвийн урд талын замд гарсан галын хэрэгт осол гарахад газ тээвэрлэж явсан "Дашваанжил" ХХК-ийн жолооч Ч.Ренцэндорж, мөн тус компанийн гүйцэтгэх захирал Н.Баатаржав нарыг яллагдагчаар татан, мөрдөн шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэднийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 2 /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/, 11.3 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах/, 11.5 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах/-т зааснаар буюу тав хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.
Хэрэв “Дүнжингарав” худалдааны төвийн урд талын замд гарсан галын хэрэгт дээрх нэр бүхий хүмүүс гэм буруутай нь шүүхээр эцэслэн тогтоогдвол тэд галын улмаас учирсан хохирол болох 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирлыг нөхөн төлөх юм.
Учир нь тухайн өдөр гарсан ослын улмаас гал гарч, Онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан 4 иргэн нас барж, таван хүн хүнд, нэг хүн хүндэвтэр, 35 хүнд хөнгөн зэргийн гэмтэл авсан байдаг. Мөн 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байдаг юм.