Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсвийг УИХ-аар баталлаа

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсвийг УИХ-аар баталлаа

Засгийн газраас өчигдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо болон УИХ-ын чуулганы өнөөдөр /2024.12.03/-ийн хуралдаанаар хийж баталлаа. Ингэснээр Засгийн газар 2025 оны төсвийн төслийг дагалдах хуулиудын төслийн хамт өргөн мэдүүлэх хуулийн боломж нээгдэж байна.

Өнгөрсөн долоо хоногт УИХ “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан юм.

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасан төсвийн цаглаврын дагуу жилийн төсвийн төслийг Засгийн газар 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Улсын Их Хурал жилийн төсвийн төслийг 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор батлахаар тус тус заасан. Иймд Төсвийн тухай хуульд “Төсвийн төслийг дахин мэдүүлж, батлах” гэсэн 321 дүгээр зүйлийг нэмж тусган хуулийн төслийг боловсруулсныг ийнхүү баталлаа.