"Үнэн ба зөв" намын дарга асан А.Отгонбаатар өнгөрсөн есдүгээр сарын 17-ны өдөр /2024.09.17/ Боловсролын сайд П.Наранбаярыг мэдээлэл хийх үеэр түүн рүү өндөг шидэж, эсэргүүцлээ илэрхийлсэн байдаг.
Улмаар А.Отгонбаатарыг Зөрчлийн хуулийн 5.2 дугаар зүйл буюу танхайрах, 5.3 дугаар зүйл буюу хүний биед халдах гэсэн 7-30 хоног баривчлах зүйл заалтаар шалгаж хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан билээ.
Тэгвэл шүүхээс А.Отгонбаатар холбогдох хэргийг хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр цагдаагийн байгууллагад буцаасан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг дутуу хийж, буруу зүйлчилсэн хэмээн үзсэн гэх мэдээлэл байгаа юм.
ВИДЕО:
Хэргийн талаар эргэн сануулахад,Үнэн ба Зөв намын дарга асан А.Отгонбаатар нь "Багшийг 45 хоногийн курсээр бэлдэж, багш мэргэжлийн үнэлэмжийг унагааж байна" хэмээн эсэргүүцэж, Боловсролын сайд руу өндөг шидэж, биед нь халдсан байдаг. Энэ үеэр Боловсролын сайдын зөвлөх Т.Отгонбаатар нь А.Отгонбаатарын үйлдлийг зогсоох гэж хоёр ч удаа цохиод авсан байдаг. Төрийн тусгай хамгаалалттай бүсэд ийнхүү танхайрсан үйлдэл нь дүрс бичлэгээр баталгаажсан тул уг үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд П.Наранбаяр сайд гомдол гаргаагүй байдаг юм. Гэсэн ч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгадаг зохицуулалттай тул энэ үүргийнхээ дагуу тус хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байдаг юм.