Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймагт ажиллах үеэрээ говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавьж, “Хэрлэн Тооно” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.
Тэрбээр арваннэгдүгээр сарын 11-нд болсон “Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалтад оролцож, Засгийн газрын бодлого, эдийн засгийн нөхцөл байдал, 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны төсвийн төслийн талаар иргэдэд мэдээлэл өгч, тэдний асуултад хариулсан байна. Энэ үеэр Ерөнхий сайд 2026 оны төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөг хэмнэж, боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн. Мөн орон нутагт ажиллаж буй төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн цалинг нэмсэн гэв.
Түүнчлэн 2027 оны төсвийн хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийг 1.3 их наяд төгрөгийн татвараас чөлөөлөх, Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд хүртээх, “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг хоёрдогч зах зээлд арилжаалах боломж бүрдүүлэх зэрэг бодлого хэрэгжүүлэхээ танилцуулжээ. Мөн 2027 онд төрийн өмчит компаниудын цэвэр ашгаас 3.5 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлж, төрийн өмчит компаниудын засаглалыг шинэчлэх, захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулах, хувьцааг нь үе шаттайгаар олон нийтэд санал болгохоо мэдэгдсэн байна.
Өмнөговь аймагтай холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, Орон нутгийн хөгжлийн санд төвлөрөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг 20 хувьд хүргэсэн талаар мэдээлэв. Түүнчлэн ирэх оны эхний улиралд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг ашиглалтад оруулахаар төлөвлөж буйг хэлжээ. Түүнчлэн “Монголын төмөр зам” компанийг Өмнөговь аймаг руу нүүлгэх бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” компанийг үе шаттайгаар нүүлгэнэ. Харин Улаанбаатар хотод төлөөлөгчийн газар нь ажиллах аж. Говийг усжуулах “Хэрлэн Тооно” төслийн зураг төсвийн санхүүжилтийг Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа шийдвэрлэж байсан бөгөөд цаашид ч говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина гэдгээ Ерөнхий сайд онцоллоо.