НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсын ногоон сэргэлтийн бодлогыг дэмжих ойн түймэртэй тэмцэх чадавхыг сайжруулах нь” төслийн зүгээс 350,000 ам.доллартой дүйцэхүйц гал унтраах тоног төхөөрөмж, техник хэрэгслүүдийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газарт /2024.12.11/-ний өдөр хүлээлгэн өглөө.
Төслийн хүрээнд нийт 16 аймгийн 700 ойн нөхөрлөлүүд, 38 орон нутгийн ойн ангиудын 1,500 гаруй хүмүүс гал унтраах тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, хамгаалалтын тусгай хувцасыг хүлээлгэн өгч буй бөгөөд ойн түймэр унтраах анхан шатны нэгжүүдийн ойн түймрээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэн ажиллаж байна. Түүнчлэн, эдгээр анхан шатны нэгжүүдэд бүрэн хэмжээний сургалт орох, ойн түймрийн загвар зураг болон ойн түймрийн менежментийн санхүүжилтийн төлөвлөгөөг боловсруулан гаргах ба 2025 оны 2-р сард хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна. Энэхүү дэмжлэг нь ойн түймрийг урьдчилан таамаглах, тайлагнах үр дүнтэй системийг бэхжүүлж, Монгол Улсын ойн санг хамгаалахад чухал хувь нэмэр оруулж байгаа юм.
2020 оны байдлаар Монгол Улсын нийт газар нутгийн 7.96 хувийг ойн сан бүрдүүлж байгаа бөгөөд Монгол Улс “Тэрбум Мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд тус хувийг 9 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Зөвхөн 2022 онд 1.64 сая га ой нь ойн түймэрт өртсөн байна. Мөн ойн түймрийн давтамж 2021-2023 онд өсөн нэмэгдсээр байгаа нь орон нутгийн иргэд, зэрлэг амьтад болон байгаль орчинд ноцтой аюул учруулж байна.
Монгол орны ойн бүсийн 30 гаруй хувийг хариуцан хамгаалдаг ойн бүс нутгийн гал түймэр унтраах анхан шатны нэгжүүдийг чадавхжуулснаар тус санаачилга нь ойн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөө үзүүлэх юм.
Үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б. Оюунсанаа “Өнөөдөр хүлээн авч буй энэхүү тоног төхөөрөмж, ойн түймэртэй тэмцэх сургалтууд нь Монгол орны ойн санг хадгалан хамгаалж, нөхөн сэргээхэд чухал ач холбогдолтой. Энэхүү чухал санаачилгыг бодит үйл хэрэг болгон хэрэгжүүлж буй БНХАУ-ын Засгийн Газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт талархал илэрхийлж байна” гэв.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань “Ойн түймэр нь олон нийтийн эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой аюул учруулж байна. 4,700 гаруй километрээр хиллэдэг чухал хөршүүдийн хувьд ойн түймэртэй тэмцэх нь БНХАУ, Монгол хоёр улсын хувьд чухал ач холбогдолтой. Тиймээс БНХАУ-ын засгийн газар Монгол Улсад гал түймэртэй тэмцэх чадавхийг сайжруулахад тууштай дэмжлэг үзүүлэх болно” гэв.