"Мэргэжлийн хяналтын газар” ажилд оруулж өгнө, "ШШГЕГ-т хураагдсан байрыг хямд авч өгнө" гэгчлэнгээр бусдыг залилж, их хэмжээний мөнгө авсан хэргийг дахин мөрдөн шалгахаар болжээ.
Тодруулбал, нягтлан бодогч мэргэжилтэй Ч.М гэгч нь Баянгол дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Д хүүхдийг “Мэргэжлийн хяналтын газар”-т ажилд оруулж өгнө, энэ ажилд зарцуулна, ажилд оруулах хүнд өгнө, мөнгө хэрэгтэй” хэмээн хуурч, 8 сая төгрөгийг шилжүүлэн авч залилсан байна.
Мөн өөр нэгэн иргэнээс “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хураагдсан орон сууцыг хямд үнээр дуудлага худалдаанд оролцож авч өгөх боломжтой, цагдаагийн хурандаа нар байгаа, урьдчилгаа 3 сая төгрөгийг шилжүүлэх шаардлагатай байна” гэж хуурч залилжээ.
Түүнчлэн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдсан байрнаас хямд авах боломж байна”, “тал үнээр нь авдаг юм”, “байр дуудлага худалдаанд орох гээд байна” гэх мэтээр хохирогч Н.Я-г хуурч, 3 сая төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. Тус хэрэгт Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Харин Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус хэргийг хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах шийдвэрийг гаргасан аж.
Тэгвэл прокуророос тус шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд тус гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг буюу дээрх хэргийг прокурорт буцаасныг зөв гэж үзжээ. Товчхондоо, "Мэргэжлийн хяналтын газарт оруулж өгнө", "ШШГЕГ-т хураагдсан байрыг хямд үнээр дуудлага худалдаанд оролцож авч өгнө" хэмээн бусдыг залилж, их хэмжээний мөнгө авсан хэргийг дахин мөрдөн шалгахаар болжээ.