Хэвтэрт орсон ээжийгээ босгохоор зүтгэж байгаа 12 настай охинтой ярилцлаа

Хэвтэрт орсон ээжийгээ босгохоор зүтгэж байгаа 12 настай охинтой ярилцлаа

Арван хоёр нас гэдэг таны хувьд ямар нас вэ? Магадгүй  таны хувьд ээж аавын халуун хайранд, өлсөж цангахыг үл мэдэн , бодож санах зүйлгүй тоглож наадаж явсан үе байх. Харин арван хоёр настай С охин хэвтэрт байдаг ээж, болон бяцхан хоёр дүүгээ харж хандан халамж, хүүхдийн мөнгөөрөө амьжиргаагаа залгуулж, том хүнээс дутахгүй амьдралаа авч явдаг. “Том болоод эмч болно” гэж хэлэхдээ, нүдэндээ гэгээн мөрөөдлөө гялбуулан ярих тэр бяцхан охиныг хараад өглөө сэрүүлгийн дуугаар залхууран босдог өөрөөсөө ичих шиг болсон юм.

Охины ээж Ц.Наранцэцэг 2012 онд согтуу жолоочийн буруугаас болж авто машины осолд орсон аж. Осолд орсныхоо дараа нөхөртөө үүрүүлээд эмчилгээ хийлгэж ахин хөл дээрээ босож, амьдралын төлөө зүтгэж байсан ч 2016 онд түүний нөхөр нь автомашины ослоор нас баржээ.

Нөхрөө нас барсны дараа гурван үрээ тэжээж, гэдэс цатгалан, дулаан байлгах гэсэн эх хүний аугаа их тэвчээрээр ямар ч ажлыг гололгүй хийх болжээ. Гэтэл барилгын газар ажиллаж хүнд зүйл өргөснөөр ослын үеийн гэмтэл нь дахин сэдрэн суумгай болсон байна. Гэрээс гарах нь битгий хэл алхаж, босч чадахгүй хүнд байдалд орсон түүнийг охид нь асарч тойлсоор өдийг хүрчээ.

Харин саяхан NTV телевизийн хамт олон тэдэнд туслах хандивын аяныг өрнүүлж эхэлснээр сайхан сэтгэлт хүмүүс халуун сэтгэлээр туслан, өнөөдөр Ц.Наранцэцэг, том охинтойгоо хамт Улсын хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Бид ээж охин хоёртой уулзаж, эмчилгээ болон биеийн байдлын талаар ярилцлаа.

12 НАСТАЙ С ОХИН: ЭМЧ БОЛООД ЭЭЖИЙГЭЭ БАС БУСАД
ӨВЧТЭЙ ХҮМҮҮСИЙГ ЭДГЭЭХИЙГ МӨРӨӨДДӨГ

-Ээж нь хэзээ эмнэлэгт хэвтсэн бэ. Эмнэлэгт ээжийгээ сахих хэр байна?

-Ээж өнөөдөр эмнэлэгт хэвтсэн. Ээждээ туслаад хөл, гарт нь иллэг хийгээд ойр зуурын зүйлсийг нь дөхүүлж асраад хамт байгаа. Ээжийгээ эмчлүүлээд эдгэрнэ гэж бодохоор үнэхээр сайхан санагдаж байгаа.

-Ээжийгээ удаан хугацааны турш асарч байгаа шүү дээ. Нэг өдөрт юу хийдэг талаараа ярьж өгөөч.

-Хичээл амарчихсан болохоор өглөө 9 гээд босдог. Гал түлж цайгаа чанаад, гэрээ цэвэрлэдэг. Тэгээд ээжийн хэлсэн зүйлсийг хийгээд, дүү нартайгаа хамт хичээлээ үзээд усанд явдаг. Заримдаа зах явж хоол хүнс хэрэгцээтэй зүйлсээ авдаг. Зах явахаасаа өмнө гэрт байхгүй зүйлсээ бичээд авчихдаг юм. Тэгээд өөрийн даах хэмжээгээр аваад, даахгүйгээ маргааш нь авдаг. Дүү нар маань нэг нь дөрвөн настай, нөгөө нь дөрөвдүгээр анги. Дүү нартаа анхаарал тавьж, хоолыг нь хийж өгөөд, дулаан байлгахын тулд нүүрс хийж гэрээ дулаацуулна, хажуугаар нь ээжид иллэг хийж өгдөг. Өдөрт ихэвчлэн иймэрхүү зүйлс хийдэг. Бас хамаатны ах эгч нар маань бас ирж тусалдаг.

-Том болоод ямар мэргэжилтэй хүн болохыг хүсдэг вэ?

-Би эмч болохыг мөрөөддөг. Эмч болоод ээжийгээ бас бусад өвчтэй хүмүүсийг эдгээнэ.

-Олон ах эгч нар нь танай гэр бүлд тусалж, хандивын аян өрнүүлж байгаа. Тэр ах эгч нартаа юу гэж хэлэх вэ?

-Ээжид маань Пүрэвдорж гээд ах эмнэлгийн ор өгсөн. Урьд нь ээж маань тийм оргүй байхдаа өндийхөөс эхлээд их хэцүү байдаг байсан. Бас бидэнд Ганбаяр гээд ах хувцас бэлэглэсэн. Маш олон ах эгч нар бидэнд тусалж байгаа. Бүгдэд нь үнэхээр их баярлалаа.

ХҮҮХДҮҮДИЙН ЭЭЖ Ц.НАРАНЦЭЦЭГ: ХӨЛ ДЭЭРЭЭ БОСООД ХҮҮХДҮҮДДЭЭ ХАЛУУН ХООЛ ХИЙЖ ӨГНӨ ГЭЖ МӨРӨӨДДӨГ

-Таны биеийн байдал хэр байгаа вэ?

-Эмнэлэгт ирээд өвчин намдаах тариа тариулж, шаардлагатай эмчилгээг хийлгэж эхэлсэн болохоор бие маань арай дээрдэж байна. Одоо бүрэн шинжилгээ хийгдсэний дараа эмчилгээ маань цааш үргэлжилнэ гэсэн. Би бүр ярьж чаддаггүй байсан юм. Дандаа өвчин намдаах эм уудаг. Одоо бол ярихад бэрхшээлгүй байгаа.

-Охидууд тань таныг асарч халамжилдаг гэсэн. Таныг осолд ороход хүүхдүүд тань жаахан байсан байх?

-Хүүхдүүд маань их жаахан байсан. Одоо бол миний охид маань том болоод ээждээ чадахаараа л тусалж байна. Шөнө яалтчгүй охиноо сэрээх хэрэг гарна. Дүү нь жаахан болохоор барагтаа сэрдэггүй юм. Харин том охин маань хичнээн оройтож унтсан ч ээжийн бие өвдлөө гэвэл шууд босоод ирдэг. Заримдаа хөл түшээд суугаагаараа унтчихдаг. Дүүгээ харна, ээждээ тусална, гэр орныхоо ажлыг хийнэ. Ээждээ цай чанаж өгнө. Дүүгээ цэцэрлэгээс нь авч, хүргэж өгнө. Орой хичээлээ тарж ирээд галаа түлээд хоолоо хийнэ. Нэг удаа гараа түлчихээд надад хэлээгүй нуугаад унтчихсан байсан. Маргааш нь “Ээжээ миний гар аймар болчихсон” гээд үзүүлсэн ч хөвөнгөөр ороогоод миний гарыг угааж өгье гэдэг. Би хэрэв би өвдөөгүй байсан бол миний охин юу гэж гараа түлхэв дээ гээд дотроо шаналдаг юм. Надад мэдээж ах эгч нар маань маш их тусалсан. Ирж мод хагалж өгнө. Хүнд ажлуудад тусална. Бас надад, хүүхдүүдэд маань тусалж байгаа сайхан сэтгэлт хүмүүс, NTv телевизийн сэтгүүлчдэд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Би хөл дээрээ хурдан босоод хүүхдүүддээ хоолыг нь хийж өгөх сөн гэж мөрөөдөж байна.

Бяцхан нуруундаа багтамгүй их ачааг үүрч, ээж дүүгийнхээ төлөө том хүнээс дутахгүй  зүтгэн амьдралаа авч яваа 12-хон настай Солонго охин таньд их олон зүйлийг ойлгуулж, ухааруулсан биз ээ. Түүний бас ээжийнх мөрөөдөл биелэн нэг айл өрхийг аз жаргалаар бялхуулахад таны өчүүхэн тус ч далайд дусал болно гэдгийг бүү мартаарай.

Охидын ээжийн дансны дугаар: 5018851593 /Хаан банк/Ц.Наранцэцэг