Toyota компани "нисдэг" машин үйлдвэрлэнэ

Toyota компани "нисдэг" машин үйлдвэрлэнэ

Японы автомашин үйлдвэрлэгч "Toyota Motor" компани цахилгаан хөдөлгүүрт нисдэг автомашин үйлдвэрлэх зорилгоор Америкийн "Joby Aviation Inc." гарааны компанитай хамтарсан үйлдвэр байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурснаа мэдэгджээ.

Японы автомашин үйлдвэрлэгчийн мэдээлснээр, хоёр компанийн түншлэл нь "эхний ээлжинд арилжааны зориулалттай үйлдвэрлэлийн суурийг тавихад" анхаарлаа хандуулах бөгөөд цаашид ийм төрлийн нисэх төхөөрөмжийн өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахын тулд "Joby"-гийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажээ. "Joby Toyota Aero Manufacturing Preparation Co." хэмээн нэрлэсэн хамтарсан компанийг Калифорни муж улсад бүртгүүлэх бөгөөд 51 хувийг "Toyota", үлдсэн хувийг Америкийн гарааны компани эзэмшинэ. "Toyota" компани нь эгц дээшээ хөөрч, эгц доошоо газарддаг цахилгаан хөдөлгүүрт агаарын такси хөгжүүлэгч "Joby" компанийн хөрөнгө оруулагч юм.