УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өнгөрсөн долоо хоногийн баасан гараг /2025.02.07/-т Засгийн газрыг огцруулах саналыг гаргасан. Одоогийн байдлаар түүний энэ саналыг УИХ-ын гишүүн Ж.Баярмаа дэмжиж гарын үсгээ зурсан бол УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн дэмжихээ ил зарласан.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу манай сайтад өгсөн ярилцлагадаа “Өнгөрсөн амралтын өдөр МАН, АН-ын олон гишүүн надтай холбоо барьж, дэмжиж буйгаа илэрхийлсэн. МАН-ынхан яаран зурахгүй гэсэн. Тэд “Дэмжиж байна. Гэхдээ Ерөнхий сайдыг огцруулах нь улс төрөөс арчигдана гэсэн үг. Ялахгүй л бол хэцүү, чи үүнийг мэдэж байгаа биз дээ” гэсэн. Үнэнээ л хэлж байна. Улс төрийн шийдвэр гаргах эрх нь тэднийх. Тэгэхээр бодох хугацаа өгье гэж бодоод холбоо бариагүй. АН-ынхан бол дэмжихээ илэрхийлээд эхэлсэн” гэсэн юм.
ВИДЕО:
-АН-ЫН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛ НЬ УИХ-ЫН ГИШҮҮНД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЭРХГҮЙ АЖЭЭ-
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг өнгөрсөн баасан гарагт дээрх саналыг гаргасны дараа Засгийн газарт хамтарсан АН-ын дарга Л.Гантөмөр яаран, сандран мэдэгдэл хийж “Ер нь Улс төрийн зөвлөлийн хурлыг хийж Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нарт ямар арга хэмжээ авах талаар ярилцана. Тэгэхгүй бол дураараа байна. Ялангуяа Ж.Баярмаа гишүүн Засгийн газрын бодлогыг их олон удаа эсэргүүцсэн. Нэгэнт олонхоороо шийдсэн бол саналыг хүндэтгэх учиртай. Тэгэхгүй зай завсар гарах бүрд л бодлого унагаж, зөвхөн миний зөв гэж боддог хандлага нь буруу” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Тэгвэл Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөр УИХ-ын гишүүнд хариуцлага тооцох үндэслэл, зохицуулалт байхгүй аж. Учир нь Ардчилсан намын Улс төрийн зөвлөл нь Үндэсний бодлогын хорооны чөлөөт цагт намыг шуурхай удирдлагаар хангахад чиглэсэн хамтын удирдлагын төв байгууллага бөгөөд сонгууль зохион байгуулах, журам боловсруулах, төрийн бодлого болон цаг үеийн тулгамдсан асуудлаар хууль тогтоох, гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаа гишүүдэд зөвлөмж өгөх, намын Даргад зөвлөмж хүргүүлэх, шаардлагатай гэж үзвэл намын даргын Улс төрийн зөвлөлтэй холбогдон гарснаас бусад шийдвэрийг хэлэлцэх л эрхтэй. Түүнээс УИХ-ын гишүүнд хариуцлага тооцох эрх, дүрмийн зохицуулалт АН-ын тус бүтцэд байхгүй ажээ.
ВИДЕО: АН-ын дарга Л.Гантөмөрийн хэвлэлд өгсөн ярилцлага
Гантөмөр нь Лодойгоо шүүмжилж байна. Бас сонин үзэгдэл юмдаа pic.twitter.com/9RfAQWF8Pv
— Аанхаа (@Aanxaa) February 8, 2025
-ЭРХ БАРИГЧДЫН ТАЛД ҮЙЛЧИЛСЭН ГИШҮҮНЭЭ 4-8 ЖИЛ НАМЫН ГИШҮҮНЧЛЭЛЭЭС ХӨӨНӨ ГЭЖ АН-ЫН ДҮРЭМД ЗААЖЭЭ-
Харин АН-ын Үндсэн дүрмийн 3.9.1.18 дэх заалт болон 3.9.1.20-д “Сахилгын шийтгэл оногдуулах” хэсэгт хариуцлага тооцохтой холбоотой зохицуулалтыг тусгаж өгсөн байна.
Тодруулбал, энэ заалтаар Засгийн газрыг огцруулах санал гаргасан Ч.Лодойсамбуу биш харин Засгийн газрыг хамгаалсан Л.Гантөмөр АН-ын гишүүнчлэлээс 4-өөс 8 жилийн хугацаатай хөөгдөж, хасагдах зохицуулалттай аж.
Энэ заалтыг С.Эрдэнэ 2022 оны гуравдугаар сарын 31 /2022.03.31/-ний өдөр Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн АН-ын Үндсэн дүрэмд оруулжээ. Тодруулбал: АН-ын Үндсэн дүрмийн
- 3.9.1.18-д Бүх шатны намын байгууллагын хурлын болон УИХ, ИТХ дахь намын бүлгийн шийдвэрийг зөрчин өрсөлдөгч нам олонхыг нь бүрдүүлсэн УИХ болон ИТХ-ыг тараах, Засаг дарга болон ЗГ-ыг огцруулах тухай АН-ын шийдвэрийн эсрэг үйлдэл, эс үйлдэл гаргасан;
- 3.9.1.20-д АН-аас болон хамтарсан эвслээс нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулсан буюу огцруулахаар санал өргөн барьсан, ИТХ-ын дарга, Засаг даргыг огцруулсан буюу огцруулахаар санал өргөн барьсан. Энэ асуудлыг хурлын хэлэлцэх асуудалд оруулахаар санал гаргасан, өгсөн, уг хурлыг тасалсан, үйлдэл, эс үйлдэл гаргасныг сахилгын зөрчил гэж үзэн Намын гишүүнээс 4-өөс 8 жилийн хугацаатай хасах хүртэл шийтгэл оногдуулах" гэж заажээ.
Ардчилсан нам бол бусдын үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хүндэтгэсэн, ардчилал, эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн, дотоод ардчилалтай эрх баригч намыг үе үеийн шүүмжилж эрүүл парламентын харилцааг бий болгож ирсэн түүхтэй нам. Энэ ч утгаараа Үндсэн дүрэмдээ эрх баригчдыг огцруулах санал гаргасан гишүүдээ бус харин эрх баригчдыг хамгаалсан гишүүнээ хөөж, намын гишүүнчлэлээс нь хасах дүрмийн зохицуулалттай ажээ. Гэтэл АН-ын дарга Л.Гантөмөр Ардчилсан намын Үндсэн дүрмийн дээрх зохицуулалтыг яг эсрэгээр нь тайлбарлан ярьсан байж магадгүй байна.