О.Батнайрамдал: Барилгын компаниудын стандартыг шинэчлэх шаардлагатай тулгарсан

О.Батнайрамдал: Барилгын компаниудын стандартыг шинэчлэх шаардлагатай тулгарсан

Барилгын стандарттай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаас зарим зүйлийг тодрууллаа.

Тэрбээр, "УИХ-ын даргын 84 дүгээр захирамжаар стандарт, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсэг байгуулагдсан. Миний хувьд энэ ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа. Ажлын хэсгийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар тэр дундаа стандартыг хариуцдаг Шадар сайдын ажлын албатай хамтраад эхний ээлжинд салбарын мэргэжилтнүүдээс асуудлыг нь сонсож ажиллана. 642 барилгын стандарт хэрэгждэг. Үүнд үнэлгээ хийхэд 167-г нь хэвээр нь үлдээж болно гэсэн дүгнэлт гарсан. Нэг ёсондоо 26 орчим хувь нь л олон улсын хэрэгцээ шаардлагыг хангаж байна гэсэн үг. Харин үлдсэнийг нь ямар нэгэн байдлаар шинэчлэн хянах эсвэл хүчингүй болгох шаардлагатай байна. Стандартаас гадна барилгын норм, норматив гэж бий. Энэ бүгд маань эрх зүйн орчны хувьд ямар байгаа талаар салбарынхантай ярилцахад нэлээд асуудлууд гарч ирсэн. Тэгэхээр бид барилгын стандартуудыг маш богино хугацаанд шинэчилж, олон улсын түвшинд гаргах зайлшгүй шаардлагатай байна. 

Мөн барилгын Ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга удахгүй УИХ-д орж ирэх гэж байна. Мөн барилгын стандартын гол зохицуулагч хуулийг Засгийн газраас өргөн барьсан. Иймд яг энэ цаг үед эдгээр хуулиудад мэргэжлийн хүмүүсийн дуу хоолой тусаасай гэсний үндсэн дээр өнөөдрийн хэлэлцүүлгийг хийж байна. Мөн энэ хэлэлцүүлгийнхээ хүрээнд зөвлөмж гаргасан. Ажлын хэсэг хуулийн төслүүдэд энэ зөвлөмжүүдээ хүргүүлнэ" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: