Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн оролцогчдод хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг өнгөрсөн хоёрдугаар сарын 21 /2025.02.21/-ний өдрөөс гардуулж эхэлсэн билээ. Энэ дагуу хэргийн оролцогч нар тогтоолоо гардан авсаар байгаа бөгөөд лайвчин Д.Мөнх-Эрдэнийн дүү УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар тогтоолоо гардан авахгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өчигдөр /2025.03.10/ орой Хөгжлийн банкны хэргээр ял авсан "Тогтоол"-оо Улсын Дээд шүүхээс гардан авсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Ингэснээр түүний бүрэн эрхийн асуудлыг УИХ хэлэлцэх бүрэн боломжтой болж буй юм.
Эргэн сануулахад,УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нь 2016-2020 онд Хөгжлийн банкны Зээлийн хэлтсийн захирлаар ажиллаж байсан бөгөөд энэ үедээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогдон “Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгуулсан байдаг. Тодруулбал, түүнийг “Мон дулаан”, Газ Импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал бий болгосон үүний улмаас “Хөгжлийн банк”-нд их хэмжээний хохирол учирсан гэж яллагдагчаар татсан байгаа юм.
Ингээд гурван шатны шүүхийн процесс үргэлжилж хамгийн сүүлд /2024.12.11/-ны өдөр Улсын Дээд Шүүхээс Д.Цогтбаатарыг гэм буруутай гэж үзэж Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасны дагуу гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байдаг.