О.Уламсайхан: Тоног төхөөрөмжүүдийг маань өгөхгүй байгаа учраас "18 хоног" киногоо дуусгаж чадахгүй байна /ВИДЕО/

О.Уламсайхан: Тоног төхөөрөмжүүдийг маань өгөхгүй байгаа учраас "18 хоног" киногоо дуусгаж чадахгүй байна /ВИДЕО/

Ноорог.мн сайтад гуравдугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулж, ажлын хэрэгсэл, хард, утас гэх мэт зүйлсийг нь хурааж, оройны 22:00 цагаас өглөөний 05:00 хүртэл мэдүүлэг авсан байдаг. Улмаар олны анхааралд орсон уг хэргийг хэрхэхийг иргэд чих тавин хүлээж буй.

Мөн тэднийг “18 хоног” нэртэй баримтат киноноос нь болж баривчилсан юм биш биз гэсэн иргэдийн хардлага бий. Тэгвэл одоогоос гурав хоногийн өмнө “Ноорог”-ийн залуус “18 хоног” нэртэй баримтат киногоо хуулж авсан хэмээн мэдээлж байв. Гэвч өнөөдрийг хүртэл тоног төхөөрөмж зэргийг нь өгөөгүй байгаа бөгөөд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Иймд бид тэднийг хэвлэлийн үйл ажиллагаагаа хэрхэн үргэлжлүүлж байгаа талаар сурвалжилж, Ноорог.мн сайтын үүсгэн байгуулагч О.Уламсайхантай ярилцлаа.

ВИДЕО:

-"ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙГ МААНЬ ӨГӨӨГҮЙ БАЙГАА УЧРААС ХҮМҮҮСЭЭС КОМПЬЮТЕР ГУЙЖ,  ТҮР ХЭРЭГЛЭЖ БАЙНА"-

-Техник, тоног төхөөрөмжүүдээ одоог хүртэл авч чадаагүй байгаа гэсэн. Өгөхгүй байгаа шалтгаанаа цагдаагийн байгууллагаас хэрхэн тайлбарлаж байгаа талаар яриагаа эхэлье?

-Техникүүдээ авч чадаагүй. Зөвхөн “18 хоног” кино болон ойр зуурын цөөхөн хэдэн файлаа хуулж авсан. Техник, тоног төхөөрөмж буюу компьютер, карт, хард зэрэг манай байгууллагын эд зүйлс бүгд цагдаагийн байгууллагад бий. “Шалгаж байна” гэдэг тайлбарыг л өгсөөр байгаа. Гэхдээ биднийг байгууллагаар нь ганцхан үндэслэлээр шалгаж байгаа нь худал мэдээлэл тараасан буюу фейсбүүкт 55 найзтай, AI профайл зурагтай Тогосоо TJ гэдэг хаягнаас гаргасан гомдлын дагуу шалгаж байгаа. Түүнээс өөр хэрэгт холбогдуулан сүүлийн 10 хоногт лав мэдүүлэг аваагүй.

-Одоогоор ямартай ч компьютертэй болж. Эдгээр тоног төхөөрөмжийг хэрхэн цуглуулав. Сүүлд компьютер зэргээ түр хэрэглүүлэх хүн байвал холбогдоорой гэсэн байсан. Түүний дагуу цуглуулсан уу?

-Энд байгаа тоног төхөөрөмжүүдийн нэг нь манай найзынх. Мөн манай ажлын газрын хүний дүүгийн нэг, манай бичлэг дээр коммент бичээд авч ирж өгсөн нэг компьютер, манай найзын нөөтбүүк зэрэг тоног төхөөрөмжүүдийг бид түр ашиглаж байгаа. Бидэнд ямар ч тоног төхөөрөмж байхгүй учраас бид нарыг дэмждэг хүмүүс үйл ажиллагааг маань хэвийн үргэлжлүүлэхийн тулд өөрсдийнхөө хэрэглэж байгаа компьютерүүдийг түр хэрэглүүлэхээр өгсөн гэсэн үг. Зарим захиалгатай контентуудийг гаргаж өгөх, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж бага зэрэг бүрдэж байна. Гэхдээ л энэ компьютерүүдийг цуглуулах, зөөх гэх мэтээр алдагдаж байгаа цаг хугацаа зэрэг олон төвөгтэй зүйлс бий.

-Компьютертой болсон ч танай өмнөх тоног төхөөрөмж биш учраас саатаж байгаа олон ажил бий байх.

-Манай бүх гэрээ, бүх бичиг баримтууд хураагдсан зүйлс дотор байна. Бид лаг мөнгөтэй хүмүүс биш шүү дээ. Жишээлбэл маргааш гараад бүх тоног төхөөрөмжүүдээ худалдаад авчих боломжтой хүмүүс биш. Энэ асуудал дээр бид өөрсдийн бизнесийн нэр хүнд, хувь хүний нэр хүндээ сэргээлгэх зэрэг бүх төрлийн арга хэмжээнүүдийг хуульд заасан эрх хэмжээнийх нь дагуу авна. Зарим хүмүүс тролл аккаунтаар “Шалгуулаач. Дуугүй шалгуул” гээд байгаа. Угаасаа шалгуулж байгаа. Манай тоног төхөөрөмж дээр асуудалтай зүйл байсан бол бид өдийд энд ингээд сууж байхгүй шүү дээ. Шалгуулж байгаа. Эсэргүүцэх юм байхгүй.

Гэхдээ шалгалтаа үр дүнтэй богино хугацаанд явуулаад бид нарын юмыг буцаагаад өгчхөөч л гэж байгаа юм.

Өөрөөр хэлбэл ямарваа нэг гэмт хэргийн үйл ажиллагаанд оролцоогүй тоног төхөөрөмжүүдийг яагаад зохион байгуулалттайгаар бид нарын үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах гэж байгаа юм шиг тэнд авч үлдээд байлгаад байгаа юм бэ гэдгийг ойлгохгүй, эсэргүүцсэн байр суурьтай байгаа. Одоогоор хүмүүсээс түр хугацаанд тоног төхөөрөмжүүд гуйж аваад контентууд үйлдвэрлээд эхэлсэн ч гэсэн энэ чинь түр хугацааных шүү дээ. Бидний тоног төхөөрөмжүүдийг өгөхгүй энэ хэвээрээ байгаад байх юм бол бид 10 хоногийн дараа гэхэд л тоног төхөөрөмжгүй болчихно. Нөгөө талаасаа хүмүүсээс гуйх, төхөөрөмжийг нь нааш зөөж ирэх гэх мэт асар олон зардал, цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн алдагдал үүсэж байна.

-"ЭНЭ АСУУДЛААС БОЛЖ ГЭРЭЭНҮҮД ХОЙШИЛЖ, БИЗНЕСИЙН ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ДОГОЛДОЖ ЭХЭЛСЭН"-

-Энэ асуудлаас үүдэж танай бизнесийн үйл ажиллагаанд алдагдал үүсэж байгаа юу.  Мөн энэ асуудал “Ноорог”-ийг олонд таниулаад харин ч сайн зүйл болсон юм биш үү гэх хүмүүс ч олон байна л даа.

-Захиалагч нарынхаа бичлэгийг удааж, зарим прожектүүд хойшилж байгаа. Энэ асуудлаас болоод зарим газрууд манайхтай хийх гэж байсан гэрээгээ хойшлуулах зэрэг бизнесийн хэвийн үйл ажиллагаа угаасаа алдагдаж эхэлсэн. Зарим хүмүүс “Ноорог”-ийг энэ асуудлаар мэдэж авлаа. Бараг сайн зүйл болчхож байгаа юм биш үү зэрэг зүйл ярьж байна лээ. Гэхдээ гүтгүүлэхэд, цагдаад байцаагдаж, баригдахад сайн зүйл байхгүй шүү дээ. Ноорог үүнээс өмнө нь ч гэсэн хэрэглэгч нартай, хэвийн үйл ажиллагаатай, дагагч нартай байсан. Гол асуудал нь гүтгүүлэх, хувийн эмзэг мэдээлэл рүүгээ халдуулах, бизнесийн нэр хүндээ тодорхой хувиар алдах, тоног төхөөрөмжүүдээ алдах зэрэг нь сайхан зүйл биш. Баярлаад байх зүйл ч байхгүй. Гэхдээ жижиг сайн талууд байсан. Бид нар ард түмний нүдэн дээр аудит хийлгэчихлээ шүү дээ.

-Цаашдаа ч тоног төхөөрөмжүүдийг нь өгөхгүй, удааж магадгүй байгаа юу?

-Зүгээр нэг залуучууд ажил хийгээд ,татвар, нийгмийн даатгалаа төлөөд явж байхад цагдаа нь орж ирээд хамаг зүйлийг нь хурааж авчхаад түүнийг нь 14 хоног, 20 хоногоор өгөхгүй байх чинь үнэхээр утгагүй зүйл. Эхний шалгах тав хоног нь дуусчихсан. Гэхдээ цааш нь сунгах магадлалтай. Бүр хэрэг үүсгээд сунжраад байх ч боломжтой. Гэхдээ энд манай тоног төхөөрөмжүүдийг мөрийтэй тоглоомын хэргээр шалгаад байгаа зүйл байхгүй шүү. Хуулийнхаа хүрээнд ч тэр. Цагдаагийн байгууллага нь өөрсдөө ч мэдэгдээсэй гэж бодож байна. Хууль зүйн сайд нь хэлсэн шүү дээ. Нэг л хүнийг мөрийтэй тоглоомтой холбогдуулан дансаа ашиглуулсан гэж шалгаж байгаа болохоос биш манай тоног төхөөрөмжүүд дээр мөрийтэй тоглоомын ямар нэгэн ул мөр, мөрийтэй тоглоом зохион байгуулсан программ зэрэг зүйл огт байхгүй.

-Нэг ажилтан нь хоригдчихсон байгаа шүү дээ.

-Манайд он гараад ажилд орсон нэг ажилтан 30 хоногоор баривчлагдсан. Гэхдээ тэр хүний хэрэгт бид нар ямар ч холбоогүй. Тэр хүнийг ч гэсэн түр хугацаанд хорьж байгаа тул шууд хэрэгт холбоотой гэдгийг нь илэрхийлэхгүй.

Одоо ч хэрэгт холбоотой эсэх нь тогтоогдоогүй байгаа. Хэдэн хүүхэд мөнгө угаагаад 9.3 тэрбумаар мөрийтэй тоглоом зохион байгуулаад өөрсдийгөө өмөөрөх гэж “эрх чөлөө” гэдэг үгээр бамбай хийгээд яваад байна гэж бодож магадгүй. Гэхдээ бодит байдал дээр бид нар мөрийтэй тоглоом зохион байгуулах нь байтугай мөрийтэй тоглоомын асуудал ч гаргаж үзээгүй. Би жишээ нь Bet-ний аппликейшн гар утсандаа татаж ч үзээгүй. Тэгэхээр бодит байдлын өнцгөөс, өөрсдийнхөө өнцгөөс харвал манайд шинээр ажилд орсон хүний хэргийг манайд хамаатуулж ойлгуулах замаар өөрсдийнхөө хийсэн хууль бус үйл явдал, процессын алдаануудыг залруулах оролдлого хийж байгаа. Үүнийг хүний эрхийн үндэсний комисс ч дүгнэлтээрээ хэлээд өгчихсөн. Мөн олон улсын байгууллагууд, сэтгүүлч нарын нэгдэл, нийгэмлэгүүд, ер нь хаанаас нь ч харсан ил тод, ойлгомжтой мэдэгдэхүйц байгаа. Шударга бус, хүний эрхэнд халдсан үйл ажиллагаанууд нь дараа нь хууль ёсныхоо дагуу шийдэгдээд залруулга хийж, уучлал хүсэх хүмүүс нь уучлал хүсээсэй гэж бодож байна.

-"18 ХОНОГ БАРИМТАТ КИНО ХИЙХ ПРОЦЕСС БҮРЭН ЗОГССОН"-

-Хүмүүс “18 хоног” баримтат кинонд нэлээд хүлээлттэй байх шиг байна. Ямартай ч киноныхоо файлыг хуулж авсан. Одоогоор үргэлжлүүлэн хийж байгаа юу?

-Манай “18 хоног” кино хийх процесс бүтэн зогссон. Кино хийх процессор одоогоор ирээгүй байгаа. Эсвэл бид хэд өөрсдөө үйл ажиллагаагаа жаахан явуулж байгаад киногоо хийх процессор худалдаж авах байх. Гэхдээ сая болж өнгөрсөн үйл явдалтай холбоотой кинондоо нэмж болох зүйлс байна. Жишээлбэл, биднийг шөнөжингөө саатуулсан зэрэг нь кинонд нэмэх боломжтой үйл явдлууд. Мөн нэмэлтээр тоног төхөөрөмж зэрэг олон асуудал гарч ирсэн. Тийм болохоор киноны нээх хугацаа 6-р сар байсан бол 9-р сар болж хойшлох байх.

-Кинонд өгүүлэх зүйлийн талаар товч мэдээлэл өгч болох уу?

-Бидний хийж байгаа кино бодит байдлыг, байгаа зүйлсийг л харуулж байгаа. Түүнээс биш учиргүй хүн дагаж мөрдөөд, хүний хувийн нууц мэдээллийг авах боломж угаасаа байхгүй. Дандаа тухайн хүмүүсийнхээ зөвшөөрлийг авч байж 18 хоног дагасан. Үгүй бол хэн ч 18 хоног камертай хүн дагуулаад явахгүй шүү дээ. Нөгөө талаар улс төрийн боловсрол олгох контент гэж ойлгож болно. Түүнээс биш гэмт хэрэг илрүүлсэн, эрэн сурвалжлах контент биш. Хүмүүс түүн дээр хүлээлтийн зөрүү гараад байх шиг. Мэдээж тэнд шударга бус зүйлийг бичсэн, түүнийг ил тод харуулж зүйл олон байгаа. Тухайлбал, төсвийн хувьд, нэр дэвшигч нарын боловсролын хувьд, сонгогч нарын боловсролын хувьд асар олон ялгаатай зүйлс байна. Сонгогч нар дээр очиж байгаа төсөв гэх мэтчилэн зөвхөн сонгуультай холбоотой асар олон мэдээлэл багтсан. Мөн нэр дэвшигч нарын санхүүгийн босго, ил болон далд хэлбэрийн хуулийн дагуу болон хууль бус үйлдлүүд зэрэг маш олон чухал мэдээллүүд бий. Гэхдээ хүмүүсийн төсөөлж байгаа шиг нэг Засгийг нураахаар, эс бөгөөс ямар нэгэн албан тушаалтны нэр төрд хүндээр нөлөөлөх аюултай зүйл байхгүй. Гэхдээ бид ямар нийгэмд, ямар тогтолцоонд, ямар сонгуулийн системд амьдраад байна, ямар хүмүүс ялалт байгуулаад байна гэдгийг гаргаж ирж байгаа. Нөгөө талаас ялагдаад байгаа хүмүүс нь ч яагаад ялагдаад байгааг гаргаж ирсэн бүтээл.

-"ҮҮССЭН АСУУДЛААС БОЛЖ ЗАРИМ АЖИЛЧИД МААНЬ ГЭР БҮЛИЙНХЭНТЭЙГЭЭ МУУДАЛЦАЖ, СЭТГЭЛ ЗҮЙЧИД ОЧИЖ БАЙГАА"-

-Энэ үйл явдал өөрт тань болон ойр дотнынхоны сэтгэл зүйд нь хэрхэн нөлөөлж байгаа бол?

-Энд байгаа хүмүүс ер нь хүнд байдалтай болж байгаа шүү дээ. Яг үнэндээ зарим нь жаахан хүүхдүүд. Зарим нь аав ээжтэйгээ энэ асуудлаас болоод муудалцаж байна. Хүмүүсийн түгээж байгаа хуурамч мэдээллээс болоод зарим ажилчдыг маань "гэмт хэрэгтнүүдтэй нэг газар орчихсон юм биш үү, мөнгө угаадаг байсан юм уу" гэх мэт. Зарим нь бүр гэрээсээ хөөгдөхдөө хүрч байгаа бол сэтгэл зүйн асуудалтай болж ойр дотнынхоо хүмүүстээ муудалцаад сэтгэл зүйч дээр очиж байгаа асуудлууд ч байна. Нөгөө талаас миний ч эмзэг мэдээлэл рүү халдаад, хүн ёсны бус мэдээллүүд хуурамчаар түгээгээд хүмүүсийг төөрөлдүүлэх оролдлого хийж байна. Мөн энэ бүх сэтгэл зүйн асуудал дээр санхүүгийн асуудал нэмэгдээд шуурган дунд л амьдарч байна даа. Гэхдээ хүмүүсийн дэмжлэг байгаа учраас нэг их мохоод байх зүйл байхгүй. Бас ажлынхаа хамт олонд баярлаж байгаагаа илэрхийлмээр байна.

-Энэ асуудлаас болж иргэд олон хоног хоёр тал болж мэтгэлцлээ. Харин юуг ойлгож авсан бол? Таны өнцгөөс харахад.

-Хэвлэл мэдээллийн байгууллага руу ингэж халдаад байж болохоо больчихсон юм байна, хэвлэл мэдээллийн байгууллагыг дурын хүн хааж, хорьж болдоггүй юм байна, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гэдэг чинь зүгээр нэг шоглуулаад байж болох эрх чөлөө биш юм байна гэдгийг хүмүүс маш сайн ойлгож авсан байх. Мөн энэ талаар итгэл төрсөн байх. Жишээ нь бид нэг талаас нь харахад эрх чөлөөгөө хязгаарлуулсан байгаа ч гэсэн нөгөө талаас харвал асуудалгүй үүнийг даван гарч байгаа гэж бодож байна. Мөн эрх чөлөөний дархлаа байгаа юм шүү гэдгийг хүмүүс анзаарсан байх.

-Ярилцсанд баярлалаа.