Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хаврын урь орж, бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байгаатай холбогдуулан дэд бүтцийн салбарт шинээр хийгдэх ажлууд, түүнд тавих хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх тухай хэлэлцсэн байна.
Хуралдаанаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан шуурхай хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт удаашралтай байгааг шүүмжлээд, ЗТЯ-ны газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагууд, алба хаагчдыг ажлаа эрчимжүүлж, хичээл зүтгэлтэй, санаачилгатай ажиллахыг онцгойлон анхааруулжээ. Мөн тэрбээр зам, тээврийн салбар энэ онд олон том бүтээн байгуулалтын ажлуудыг эхлэх учир ЗТЯ-ны газрын дарга нарыг гадагшаа томилолтоор явах, чөлөө хүсэх байдлыг хориглосон байна. Харин энэ удаагийн шуурхай хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж, цаашид анхаарах шаардлагатай чухал ажлуудыг тодотгож, холбогдох газрын дарга нарт үүрэг чиглэл өглөө.
Үүнд:
-Аялал жуулчлалын улирал эхэлж буйтай холбогдуулан Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлын засварын ажлыг шуурхай эхлэх, удаашралтай байгаа асуудалд анхаарал хандуулж ажиллахыг үүрэгдэв.
-Засгийн газрын хуралдаанаас гаргасан төмөр замын төрийн өмчит компаниудыг нэгтгэх шийдвэрийн дагуу “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголын төмөр зам” ТӨХК-иудын 2024 оны ажлын тайлантай танилцаж, хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлэн хийнэ гэдгээ хэллээ. Ингэхдээ 2024 оны санхүүгийн тайлан тооцоо, худалдан авах ажиллагаа, гадаадын томилолт, шагнал олгох журам, үндэслэл, шатахууны төлбөр тооцоо зэрэг олон чиглэлээр шалгана. Холбогдох хуулийн хэрэгжилтийг ЗТЯ-ны Хуулийн хэлтэс хяналт тавьж хариуцан ажиллана гэв.
-Мөн цаг агаар дулаарч газар гэсэж, автозамын ачаалал даах чадвар буурч байгаатай холбогдуулан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг түр хугацаанд зогсоох, зохих норм дүрэм, стандарт шаардлагыг хангаж, хяналт тавьж ажиллахыг “Зам тээврийн хөгжлийн төв”-ийн даргад үүрэг болголоо. Бодит нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцахыг санууллаа. Орон нутагт ажилласан ажлын тайлан мэдээллийг нээлттэй, шуурхай хүргэж ажиллахыг үүрэг болгов. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан. Жуулчдыг татах ажлын хүрээнд агаарын тээврийн салбарт олон улсын зорчигч тээврийг нэмэгдүүлэх, нислэгийн чиглэлийг нэмэх, орон нутгийн нислэгийн тизний үнийг бууруулах зэрэг асуудлыг судалж, агаарын тээврийн салбарынхан ажлаа аялал жуулчлалын улиралтай уялдуулж ажиллахыг даалгав.