Цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна. Өнөөдрийн 15.00 цагийн байдлаар Дархан-Уул аймгаас Сүхбаатар хүртэлх зам дагуу нойтон цас, цас ороод шуурч байгаа тул замд үзэгдэх орчин хязгаарлагдаж, оройдоо халтиргаа гулгаа үүсэхийг албаныхан анхаарууллаа.
Тодруулбал, энэ сарын 10-11-нд шилжих шөнө Төв, Хэнтийн нутгаар, 11-ний өдөр Сүхбаатар, Дорноговийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна. Мөн Улаанбаатар хот орчим, Өвөрхангай, Говьсүмбэрийн нутаг, 11-ний өдөр Дундговийн зүүн хэсэг, Хэнтийн өмнөд, Дорнодын нутаг, 11-12-нд шилжих шөнө Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн нутаг, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсч, хүчтэй шороон шуурга шуурах бол Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсч хүчтэй салхилна.
- Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
- Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
- Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,
- Ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.