ОХУ-тай хамтарсан компани байгуулж, онгоцны түлш нийлүүлэх хэлэлцээрийн төслийг байнгын хороод дэмжлээ

ОХУ-тай хамтарсан компани байгуулж, онгоцны түлш нийлүүлэх хэлэлцээрийн төслийг байнгын хороод дэмжлээ

УИХ-ын Төсвийн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.

Хэлэлцээрийн төсөлд тусгаснаар ОХУ-тай хамтарсан компани байгуулж "Чингис хаан" нисэх онгоцны буудалд агаарын хөлгийн түлшийг тасралтгүй, тогтвортой, саадгүй хангах болон агаарын хөлгүүдийг түлшээр цэнэглэх үйлчилгээ үзүүлнэ. Мөн нисэх буудалд агаарын хөлгийн түлш худалдах, нийлүүлэх, хадгалах, цэнэглэх, борлуулах, хүргэх, тээвэрлэх зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэх юм.

Өмнө нь МИАТ ТӨХК тендер зарлаж, шатахуун нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон үйлчилгээ авдаг байсныг 2020 оноос эхлэн Төрийн өмчит "Эрчис ойл" компаниар гүйцэтгүүлж байгаа аж. Монгол Улс жилд 70 орчим мянган тонн онгоцны түлш хэрэглэдэг бөгөөд хэлэлцээрийг баталснаас хойш 20 жилийн хугацаанд ОХУ, Монголын хамтарсан компани онгоцны шатахуун нийлүүлэхээр төсөлд тусгасан байна. "Монголын 60 хувь, ОХУ-ын 40 хувийн эзэмшил бүхий хамтарсан компанийг "Эрчис ойл" компанийн дор байгуулагдана. "Эрчис ойл" компанийн ашиглаж байгаа дэд бүтэц, эд хөрөнгөнөөс хамтарсан компани руу шилжих асуудал байхгүй. Түрээсийн журмаар ашиглаад борлуулалтаа хийгээд явна" гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан онцоллоо.