Төрийн аудитын байгууллагаас “Орон нутгийн хөгжлийн сангийн 2023 оны бүрдүүлэлт, зарцуулалт, үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд танилцууллаа.
Орон нутгийн хөгжлийг дэмжих, орон нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэдийн тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд зөвхөн иргэдийн санал дээр үндэслэн төлөвлөдөг төсвүүдийн нэг нь Орон нутгийн хөгжлийн сан юм. Тус сангийн эх үүсвэр нь дотоодын нэмэгдсэн өртгийн албан татвар, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн орлогын тодорхой хувиар тооцож бүрдүүлдэг.
Аудитыг орон нутгийн хөгжлийн нэгдсан сан, 21 аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн 2023 оны үйл ажиллагааг хамруулж хийв.
Улсын төсөвт 2023 онд орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс аймаг, нийслэлийн ОНХС-д олгох орлогын шилжүүлгийн хэмжээг ₮298,478.6 саяар батасан.
Улмаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого өссөнтэй уялдуулан 2023 оны зургадугаар сард сангийн хөрөнгийг 71,460.7 сая төгрөгөөр нэмж тодотгосон юм. Түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-аас 174,450.7 сая төгрөгийн эх үүсвэрийг тус тус баталсан байна. Ингэснээр тухайн онд нийт 544,390.0 сая төгрөгийг тус санд төсөвлөсөн гэсэн үг. Харин үүний 94.3 хувь нь бүрдсэн байна. Тайлант хугацаанд нийт 8672 төсөл арга хэмжээг 521,864.4 сая төгрөгөөр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулснаас 408,507.6 сая төгрөгийг зарцуулж, жилийн эцэст 105,238.2 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Харин аудитаар тус онд нийт 162,768.3 сая төгрөгийн зөрчил илэрчээ. Үүнд аймаг, нийслэл дэх төрийн аудитын газраас 550.8 сая төгрөгийн 62 төлбөрийн акт тавьжээ. Мөн 76,245.0 сая төгрөгт албан шаардлага, 85,908.7 сая төгрөгийн зөрчилд зөвлөмж, 63.8 сая төгрөгийн зөрчлийг шалгуулахаар хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн байна. Аудитын дүгнэлтэд газрын тосны нөөц ашигласны төлбөр, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогыг 2023 онд бүрэн төвлөрүүлээгүй. Ингэснээр аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийг дутуу санхүүжүүлсэн хэмээн тусгажээ. Мөн төсөл, арга хэмжээний төлөвлөлтөд иргэд олон нийтийн оролцоог бүрэн хангаагүй, төсөвт өртгийг хэт жижиглэснээр, тендер оролцогчгүй болох, ажил он дамжих, хугацаа алдах сөрөг нөлөөлөл байааг дурдсан байна. Түүнчлэн удирдлагын мэдээллийн системд төсөл, арга хэмжээний мэдээллийг дутуу болон огт оруулаагүй байхад сангаас санхүүжилт олгох зөрчил давтагдсаар байгаа аж.
-АУДИТЫН ДҮНД ҮНДЭСЛЭН ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЛЭЭ-
Үүнд: Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг бүсчлэн нэгдсэн байдлаар тогтоож Төсвийн тухай хууль болон Малын тоо толгойн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг авч хэлэлцэх талаар зөвлөмжийг Үндэсний аудитын газраас Монгол Улсын Их Хуралд өгч байна.
Мөн иргэдийн саналгүй эсвэл өргөн мэдүүлсэн төсөл арга хэмжээг өөрчлөн баталсан иргэдийн хурлын байгууллагуудад хариуцлага тооцох, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн орлогоос ОНХС-д олгох шилжүүлэг тооцох аргачлалыг холбогдох хууль, тогтоолд нийцүүлэх, сангийн удирдлага мэдээллийн системд өгч буй иргэдийн саналыг ил тод бүртгэх, тус сангийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, зөрчлийг бүрэн арилгах хүртэл санхүүжилтийг олгохгүй байх арга хэмжээг авч ажиллах зөвлөмжийг Засгийн газар болон Сангийн яам, бүх шатны ИТХ, Засаг даргад мөн өглөө.