УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-аас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Тус хүсэлтийг яагаад гаргах болсон талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин тайлбарлав.
Тэрбээр "33 жилийн түүхэнд анх удаа УИХ Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргаж байгаа. Үндсэн хуулиар бол УИХ-ын шийдвэр зөвхөн Үндсэн хуулийн цэцэд хянагддаг. Гэтэл практик дээр УИХ-ыг ердийн шүүх дуудаж байна. УИХ-ын тэмдэглэл, хуралдаанаар шийдсэн асуудал, үндэслэлийг шүүхийн зүгээс нотлох баримтын хүрээнд гаргаж өгөх, УИХ итгэмжлэгдсэн төлөөлөгчөө энэ хуралдаанд томил гэж хэлсэн. Агуулга нь УИХ-д ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагын даргыг томилсон, чөлөөлсөн асуудлаар нэг иргэн гомдол гаргасан. Энэ практик хууль ёсоор цаашдаа үргэлжилбэл УИХ ямар нэгэн албан тушаалтныг томилох асуудалд томилогдоогүй хүн нь УИХ-ыг шүүхэд өгөх гажуудал үүсэх гэж байна. Манай улс парламентын засаглалтай. Үндсэн хуульд төрийн эрх барих дээд байгууллагыг УИХ гэж нэрлэдэг. Хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагдана. Энэхүү Үндсэн хуулийн хил хязгаарыг ердийн шүүх давж алхаж болохгүй. Энэ гажгийг таслан зогсоох нэг арга зам бол Үндсэн цэцэд хүсэлт илэрхийлэх юм" гэж тайлбарлав.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Б.Баярбаатар "УИХ-ын гаргасан шийдвэр эрх зүйн актыг Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэдэг. Шүүхийн харьяалал тогтоох нь эрх зүйн том гажуудал. Үндсэн хуулийн цэц нь хуульд тусгаж өгсөн болохоор Захиргааны хэргийн шүүх рүү асуудлыг явуулсан. Дээрх асуудлаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар гэж нөхөр зангууны үлгэр шиг Захиргаа, Иргэний хэргийн шүүхэд хэд хэдэн удаа хандсан юм байна. Залчихсан бурхан шиг ажил албан тушаал дээр очоод хариуцлагатай ажиллаж чадахгүй байж ажлаас чөлөөлөгдөнө. Эсвэл өөрөө хүсэлтээрээ УИХ-д нэр дэвшинэ гээд ажлаа чөлөөлөгдөнө. Дэвшиж чадахгүй болохоороо Үндсэн хуулийн байгууллага руу дайрна гэдэг бол ёс суртахуунгүй асуудал юм" хэмээн ярилаа.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Монгол Улсын Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатар төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч байх хориотой байсан. Гэтэл мань хүн өөрөө Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас нэн хөнгөлөлттэй зээл авсан. Санхүүгийн хариуцлагыг хамгийн дээр нь очоод хянах ёстой хүн өөрөө зээл авчихсан. УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших, хариуцлага хүлээх гэсэн хоёр үйл явц давхцаад чөлөөлөгдсөн. Гэтэл өөрөө бүх шатны шүүхээр гүйж, УИХ намайг буцаан томилох ёстой гэсэн шаардлага тавиад яваад байна. Үндсэн хуулийн цэц энэ бол шүүхийн асуудал биш гэсэн. Шүүх рүү шийдэгдэж явсаар Үндсэн хуулийн цэц дээр хоёр дахь удаа очиход одоо Үндсэн хуулийн цэцэд ажилладаггүй хоёр хүн алх цохоод явчихсан" хэмээн нэмж ярив.