Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 500 мянган га газрыг улсын болон орон нутгийн хамгаалалтад авахад хувьд нэмрээ оруулсан ахмад инженер, байгаль хамгаалагч Л.Батмөнх нь Голдманы нэрэмжит Байгаль орчны шагналын 2025 оны долоон ялагчийг нэгээр тодорлоо.
ВИДЕО:
Тэрбээр 81 насандаа энэхүү хүндтэй шагналыг авч байгаа юм. Л.Батмөнх энэ талаар “Би Дорноговь аймгийн уул уурхайн гурван үйлдвэрт ажиллаж байгаль орчинд үзүүлж буй хор хохирлыг нүдээр үзэж, биеэр туулсан хүн. Иймдээ ч нутгийнхаа онгон дагшин байгаль, нүүдлийн мал аж ахуй, зэрлэг амьтан, түүхэн дурсгалт газруудыг байгаагаар нь хадгалахыг хүссэн. Ийм шагнал авна гэж харин бодсонгүй. Энэ үйлсэд хамтран зүтгэсэн нутгийн зон олондоо баярлалаа. Монгол Улс газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад авахаа зарласан анхны улс. Хууль ёсны дагуу, шинжлэх ухааны үндэслэлтэй гаргасан хүсэлтийг минь төр хүлээн авч, дэмжиж ажилласан нь энэ амлалтдаа үнэнч байгааг илтгэнэ. Миний хүсэл бол уул уурхайг хариуцлагажуулж, байгаль орчны өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэг болгох юм” гэлээ.
Түүнчлэн эрдэмтэн, байгаль орчны боловсролын зүтгэлтэн Семиа Гарби Тунис Улс дахь хог хаягдлын хууль бус наймааг илрүүлж, 40 гаруй хүн, тэр дундаа 26 албан тушаалтан, 16 итали иргэнд холбогдох хэргийг шалгуулж чадсанаар уг шагналыг хүртжээ. Мөн далайн амьтдын амьдрах орчныг сүйтгэх эрсдэлтэй байсан Испанийн Фонсолия боомтын төслийг зогсоож чадсан Карлос Мальо Молина, АНУ-ын Нью-Хэмпшир мужийн “Мерримак” хотод үйл ажиллагаа явуулдаг хуванцрын үйлдвэр 20 жилийн турш агаар, хөрс, усыг “PFAS” гэх үүрд хадгалагддаг хорт бодисоор бохирдуулж байсныг илчлэн, үйл ажиллагааг нь зогсоосон байгаль хамгаалагч Лорин Аллен тус шагналыг хүртсэн байна. Цашлаад Европын хамгийн сүүлчийн, чөлөөтэй урсацтай, далан баригдаагүй голуудын нэг Вьосаг хамгаалах хөдөлгөөнийг удирдагч, Албанийн биологич Олси Ника, нийгмийн ажилтан Бесяна Гури нар, Перу Улсын байгаль, соёлын чухал ач холбогдол бүхий Мараньон мөрнийг хамгаалах үүргийг төрд оноох шүүхийн шийдвэр гаргуулж чадсан Мари Лус Канакири Мураяри нар 2025 оны шагналтнаар тодорсон байна.