Монгол Улсын иргэн Д.Нямжав гэгч нь гадаад улсын тагнуулын албатай хамтран ажилласан гэх хэргээр анхан шатны шүүхээс найман жилийн хорих ял шийтгэгдсэн.
Тодруулбал, гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан гэх хэрэгт холбогдсон Д.Нямжавд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцээд Д.Нямжавыг гаднын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэм буруутайд тооцож, түүнд 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг гаргасан байдаг.
Харин Д.Нямжав нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм. Тэгвэл тус гомдлыг өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрлэлээ.
Эргэн сануулахад, Нийслэлийн прокурорын газраас Д.Нямжав гэх иргэнд Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсэгт зааснаар буюу Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан гэх зүйл ангиар ялласан байдаг юм.
Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах
1.Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.