Ө.Шижир: Редакц, сэтгүүлч, фейсбүүк пэйж хуудас гэдгийг төрийн байгууллага ялгаж, тусгай зөвшөөрөл олгодог байж болохгүй

Ө.Шижир: Редакц, сэтгүүлч, фейсбүүк пэйж хуудас гэдгийг төрийн байгууллага ялгаж, тусгай зөвшөөрөл олгодог байж болохгүй

УИХ-ын чуулганаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

ВИДЕО:

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир, "Сэтгүүлч гэдэг тун хэцүү, амаргүй мэргэжил. Тийм учраас хэвлэн нийтлэх эрх чөлөөг зайлшгүй хамгаалж, хангаж өгөх шаардлагатай. Энэ бол редакц, энэ бол сэтгүүлч, энэ бол фейсбүүк пэйж хуудас гэдгийг ямар нэгэн байдлаар төрийн байгууллага ялгаж, ямар нэгэн байдлаар тусгай зөвшөөрөл өгдөг байж болохгүй. Үүнийг мэргэжлийн холбоо, мэргжлийн байгууллага нь олгодог байх хэрэгтэй. Нөгөө талаасаа улсын төсөвт суусан яам, тамгын газрын мөнгийг хэвлэлийн алба нэртэй бүтэц нь сурталчлан таниулахаар зохион байгуулалтад оруулдаг. Тийм учраас манай улсад хамгийн их явж байгаа мэдээллүүд дандаа улс төрийн мэдээллүүд байгаа. Яагаад гэвэл төсөв мөнгөтэй холбоотой. Бүх төрийн байгууллага, төрийн өмчит байгууллага хүртэл хэвлэлийн байгууллагатай, маш том бүтцүүдийг бий болгосон. Энэ өөрөө төсөвт суусан мөнгийг хуваарилдаг, зохион байгуулдаг хэлбэр лүү орчхоод байгаа юм. Хэвлэлийн албатайгаа манай төрийн байгууллагууд өрсөлдөөд байдаг. Тэгээд өөрсдийнхөө хийсэн контент бэлэн мэдээгээ хэвлэлийн байгууллагуудаар гаргуулах гэж оролддог. Тэгэхээр хэвлэлийн байгууллагууд улс төрөөс хараат болчхоод байгаа юм.

Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын контентын дундуур явж буй рекламны орлогыг хуваалцдаг болох хэрэгтэй. Цахим хөгжлийн яам энэ тал дээр Мета, Х-тэй уулзалт хийх шаардлагатай.

Тэгж байж санхүүгийн тодорхой эх үүсвэрүүдийг бий болгоно. Ер нь энэ хуулийн гол зорилго нь эх сурвалжаа нууцлах гэж ойлгож байгаа. Эх сурвалж гэдгээс гадна илт худал мэдээлэл нэрээр Эрүүгийн хуулиар сэтгүүлчдийг шийтгээд байж болохгүй. Сэтгүүлч эх сурвалжаа нууцлаад мэдээ мэдээлэл байршууллаа гэхэд цагдаагийн байгууллагаас дууддаг. Тэр сэтгүүлчийн зориг хүслийг мохоодог. Эрүүгийн хуулийн 13.14-өөр сэтгүүлчдийг дуудаад цагдаагийн байгууллагын үүдэнд өглөө болгон дуудаж, залхаан цээрлүүлдэг. Энэ бүхнийг нэг бүрчлэн харах хэрэгтэй. Ил тодоор үймээн самуунд турхирсан, аюулгүй байдалд халдсан хуурамч мэдээлэл тараасан бол Эрүүгийн хуулиар шийтгэх нь зөв. Гэхдээ нийтээр нь сэтгүүлчдийг залхаан цээрлүүдэг байж болохгүй" гэв. 

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл, “Төрийн байгууллагаас мөнгө төлж байгаа бол тэр эх сурвалж хамгаалагдахгүй. Төрөөс мөнгө гараад төлбөртэй юм хийж байгаа бол төлбөртэй гэдгээ ил тод бичье. Төрийн байгууллагаас хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтрах гэж байгаа бол сонгон шалгаруулалт зарлана. Татвар төлөгчдийн мөнгө учраас. Харин эрэн сурвалжлах, асуулга хөндсөн сэтгүүл зүй буюу сэтгүүлч өөрөө хийж байгаа зүйл дээр эх сурвалж хамгаалагдана. Төрийн байгууллага нь мөнгө зарлагадаж байгаа бол ил тод зарлана. 

Илт худал мэдээлэл тараах гэдэг ерөнхий заалттай. Ерөнхий заалттай учраас бодит байдалтай нийцэхгүй л бол худал мэдээлэл ангилалд орчхоод байгаа юм. Тэгэхээр энэ хуулийн төслийн агуулга нь Эрүүгийн 13.14-тэй яаж уялдаад байна вэ гэхээр илт худал мэдээлэл гэж ийм зүйлийг хэлнэ гээд нарийвчлан зааж өгсөн. Бусдын сэтгэл санаа, бие махбод, хуулийн этгэээдэд хохирол учруулах зорилгогүй бол ташаа мэдээлэл гэж нэрлэе. Үүнийг Эрүүгийн хуулиар байцаахгүй. Илт худал мэдээлэл гэдэг нь хүн, хуулийн этгээд, улс оронд санаатайгаар хохирол учруулах гэж түгээсэн ор үндэслэлгүй худал мэдээ мэдээллийг хэлье гэж заасан” гэлээ.