“Генерал танхим” нээлтээ хийлээ

“Генерал танхим” нээлтээ хийлээ

Монгол Улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний 81 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас Дотоод хэргийн их сургуульд генералуудын нэрэмжит хүндэтгэлийн танхим, номын санг бий болгосон юм. Ийнхүү өнөөдөр /2025.04.24/ “Генерал танхим”-ын нээлтийн арга хэмжээ Дотоод хэргийн их сургуульд ёслол төгөлдөр боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, Дотоод хэргийн их сургуулийн захирал, цагдаагийн хурандаа О.Зоригт, Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул, Дотоодын цэргийн штабын дарга хурандаа М.Лувсандорж, Дотоод хэргийн их сургуулийн Дэд захирал, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат болон эрхэм генералууд, албан тушаалтнууд оролцсон юм.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд хэлсэн үгэндээ: “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, ард түмний амар тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах эрхэм үйлсэд бие сэтгэл, эрдэм оюунаа зориулсан эрдэмтэн судлаач эрхэм генералууд Та бүхний оюуны дахин давтагдашгүй онцгой бүтээлүүдээр бахархаад зогсохгүй, ирээдүй хойч үед үнэлж баршгүй баялаг болон үлдэж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Монгол Улсын генерал цолтнуудын нэрэмжит номын сангийн үүд хаалга төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид, сонсогч, оюутнууд болон оюуныг дээдэлсэн хүн бүхэнд үргэлж нээлттэй байж, Та бүхний мэдлэг оюунд тань үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байгааг илэрхийлье” хэмээв. Ийнхүү “Генерал танхим”-д байрлах номын санд эрхэм хүндэт генерал, эрдэмтэн судлаачдын 400 гаруй ном бүтээлийг байршууллаа.