УИХ-ын “D.parliament” цахим платформд иргэн Сэржмядагийн Түвшинбилэг "Улаанбаатар хотын даргыг ард иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох" санал гарган, 2025 оны 4-р сарын 18-нд санал асуулгыг эхлүүлжээ. Одоогоор тус өргөдөлд 64 хүн гарын үсэг зураад байгаа юм.
Тэрбээр өргөдөлдөө “...өнөөдөр нийслэлийн Засаг дарга (хотын дарга)-г НИТХ-аас нэр дэвшүүлж, Ерөнхий сайд батламжилдаг. Энэ нь нийслэл хотын удирдлагын ардчилсан зарчим, иргэдийн санал, оролцоог хангах боломжийг хязгаарлаж, нийтийн эрх ашгийг бүрэн тусгахгүй байгаад олон нийтийн зүгээс шүүмжлэл ирсээр байна. Дэлхийн олон ардчилсан оронд хотын даргыг тухайн хотын иргэд шууд сонгох ардчилсан жишиг тогтсон бөгөөд энэ нь ил тод байдал, хариуцлага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чухал хэрэгсэл болдгийг харуулж байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 58, 62 заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулж, Улаанбаатар хотын Засаг даргыг нийслэлийн иргэдийн шууд сонгуулиар сонгодог зохицуулалтыг өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна” гэх ерөнхий агуулгатай тайлбарыг бичжээ.
Мөн Улаанбаатар хотын Засаг даргыг иргэд сонгодог болсноор:
- Ардчилал ба иргэдийн оролцоо нэмэгдэж, Хотын дарга иргэдийн итгэлийг даах хариуцлага хүлээнэ
- Хотын хөгжлийн бодлого тогтвортой болох буюу харилцан адилгүй засгийн газраас үл хамаарах боломж бүрдэнэ
- Ил тод байдал, хариуцлага сайжирч, иргэдээс дахин сонгогдохын тулд сайн ажиллана
- Хотын удирдлага төв засгаас хараат бус болж, төвлөрсөн хяналтаас ангид” жинхэнэ хотын засаг” бий болно гэж үзжээ.
“D.parliament”-д өргөдөл оруулснаас хойш 30 хоногийн хугацаанд санал авах бөгөөд тус хугацаанд 100 мянган иргэн дэмжвэл уг асуудлыг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх босго давах юм.
Өргөдлийг дэмжих бол энд дарж саналаа өгнө үү.