Л.Мөнхбаясгалан: Яагаад 22.00 цагаас хойш жагсаал хийж болдоггүй юм

Л.Мөнхбаясгалан: Яагаад 22.00 цагаас хойш жагсаал хийж болдоггүй юм

УИХ-ын чуулганаар Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Тус хуулийн төслийг Засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сард өргөн барьсан бөгөөд хуулийн төслийн үзэл баримтлалыг Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцууллаа. Танилцуулгатай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Бүртгэх гэдэг хуулийн зохицуулалтыг даргын нүдээр уншаад зөвшөөрөл, хүнд суртал болгоод байгаа бол хууль уншиж байгаа нүднээс шалтгаалж байгаа. Хуулийг хоёр янзын нүдээр уншиж байна. Нэг нь зөвхөн эрх мэдэлтэн өөрийгөө хамгаалах, эрх мэдлээ баталгаажуулах зорилгоор уншиж байна. Жирийн иргэд тэр хуулиас жаахан ч гэсэн өлгөж аваад хэрэгжүүлчих юмсан гэж уншиж байна. Эрх мэдэлтнүүд хуулийг уншихдаа хорьж хаах, айлган сүрдүүлэх, мэдэн будилах, үл хэрэгсэх, хувийн бодлоороо орлуулах хэмжээнд уншиж байна. Үүнээс болоод жагсаалт цуглааны тухай зохицуулалт яаж Үндсэн хуульд заасан эрх чөлөөг төрийн дур зоргоос хамгаалах вэ гэдэг хэмжээнд хүрч байна. Төр юу хийж болохгүй юу гэдэг рүү чиглэх ёстой. Засгийн газрыг огцруулахтай холбоотой жагсаал хийхэд зорилготойгоор Украйны далбаа гаргаж ирээд буруу тайлбарласан. Энэ бол тусгай албадын түвшинд зохион байгуулж байгаа мэт маш нарийн технологитой хийсэн. Ийм зүйлийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу.

Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: Өнөөгийн хууль дээр байгаа энэ олон хязгаарлалт эрх барьж байгаа хүмүүст таалагдахгүй бол яаж зорилгоос нь өөрөөр харуулах вэ гэдэгт олон ашиглагдсан. Үүнийг бүрэн шийдвэрлэхийн тулд бусад хуулиудад ч өөрчлөлт оруулах шаардлагатай. Жагсаал цуглаан хийж үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө иргэдэд байдаг юм байна. Эрх мэдлийг хадгалах болон эрх мэдэл рүү нь чиглэж байгаа аюулыг холдуулах хэрэгсэл болгон ашиглаж болохгүй гэдэг зарчмыг бүрэн дүүрэн дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: 22.00 цагаас хойш жагсаал хийхийг хориглоно гэнэ. Яагаад шөнө жагсаал хийж болдоггүй юм бэ. Аяндаа үүссэн жагсаал, аяндаа үүсээгүй жагсаал гэдгийг хэн тодорхойлох вэ. Иргэд өөрсдөө үзэл бодлоо илэрхийлснийг яаж ч мушгин гуйвуулж болох нь байна. Жагсаал цуглааны тухай хууль зөрчвөл Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байна. Жагсаал цуглааны хуулийг зөрчсөн гэж үзэх нь нээлттэй байна. Энэ бол хүний эрхийг зөрчсөн хууль байна. Бид яагаад Ардчилсан Монгол Улс байж үзэл бодлоо илэрхийлж болдоггүй юм бэ.