УИХ-ын чуулганы хуралдааны өнөөдрийн /2025.04.25/ үдээс хойшхи хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд иргэн бүрд Хуримтлалын нэрийн данс нээж, эрүүл мэнд, боловсролд, орон сууцны зорилгоор зарцуулах ажлын зохион байгуулалт, хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг сонссон. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмааг асуулт асуухад "С.Баярцогтын асуултад хариулъя" зэргээр ёжилсон үг хэлсэн.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Баярмаа мэдээлэл хийлээ. Тэрбээр, "УИХ нь өөрөө төрийн эрх барих дээд байгууллага. Мөн УИХ-ын тухай хууль, Засгийн газрын тухай хуулиудад маш тодорхой заасан байгаа. Тодруулбал Ерөнхй сайд Засгийн газраа УИХ-аасаа бүрдүүлдэг. УИХ нь сонгож баталж өгч явуулдаг. УИХ-аас баталсан хуулиудыг хэрэгжүүлээрэй гээд явуулдаг. Хуулийн хэрэгжилтийг УИХ хурал хянадаг. Миний хувьд хуулиудад заасны дагуу Ерөнхий сайд буюу Засгийн газраас холбогдох мэдээллийнх нь дагуу асуулт асуусан. Би Баялгийн сантай холбоотой асуудал ярьсан юм. Тухайлбал 2030 он гэхэд 3 их наяд орчим төгрөг бүрдүүлнэ гэж хэлсэн үгэнд нь голлож асуултаа асуусан. Өнөөдрийн байдлаар бүх үзүүлэлтүүд буурсан байна. Орлого олоод ашигтай ажиллаж байж Монгол Улс Баялгийн сан руугаа мөнгө төвлөрүүлдэг. Өнөөдрийн байдлаар Монгол Улс хасах баланстай буюу -353 тэрбумын алдагдалтай байгаа. Энэ нь өмнөх оны мөн үед 1.6 их наядын нэмэхтэй байсан. Ийм байдалтай байхад Баялгийн сан бүрдэх үү гэдэг л асуулт асуусан.
Хоёрдугаарт Баялгийн сан гэх нэрээр иргэддээ 145 мянган төгрөг амсуулчхаад бүдийг нь хөрөнгийн эзэд болгоод бүртгэчихсэн. Над руу ч маш олон иргэд татварт дарлуулж байна гэдэг. Улс төрийн индер бол улс төржих талбар биш. Бид иргэдийн юу хүсэж байгааг л хэлдэг. Эсвэл иргэд өөр зүйл яриад байгаа юм уу. Би гайхаж байна. Иргэд татвар, үнийн өсөлтөд дарлуулаагүй бол би худлаа ярьсандаа хариуцлага хүлээхэд бэлэн байна. Мөн намайг Ерөнхий сайд УИХ-ын гишүүн гэж үзэхгүй байгаа бололтой. Энэ УИХ-д 125 гишүүн байгаа юм байна. Өнөөдөр Засгийн газар УИХ буюу олон нийтээс сонгогдсон төлөөллийнхөө дээр гараад суучхаж. Энэ хүн үнэхээр вакум орчинд орсон байна. Төсвийн илүүдэл маш их байсан. Энэ бүх мөнгө хайччихсан юм бэ. Намайг болон УИХ-ыг үл тоож байгааг би гайхаж байна. Энэ бол Үндсэн хуулийн зөрчил. Миний зүгээс хэдэн гишүүдтэйгээ ярилцаад АН-ын бүлгээр энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ ярилцана" гэлээ.