Сүүлийн жилүүдэд Үндэсний шигшээ багийн тамирчид, бөхчүүд гээд спортынхноос допингийн төрлийн бодис илрэх явдал цөөнгүй гарах болсон. Хамгийн сүүлд гэхэд 13 бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн талаар Монголын Допингийн Эсрэг Үндэсний Байгууллагаас мэдээлсэн.
Мөн "Парис 2024" паралимпын наадмын -90 кг-ын жинд зодоглох байсан Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баттөгс, "Ханжоу-2022" Азийн наадмаас алтан медаль хүртсэн, ОУХМ Б.Чинзориг гээд нэлээд олон тамирчнаас допинг илэрч, энэ дагуу хариуцлага хүлээсэн байдаг. Харин тухайн тамирчид хэрхэн, яагаад допинг хэрэглэсэн, ямар төрлийн бодисыг хэний заавар, зөвлөмжийн дагуу хэрэглэсэн гэх мэдээлэл нь өнөөдрийг хүртэл хаалттай явж ирсэн.
Тэгвэл Хүндийн өргөлтийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр нь допингийн төрлийн бодис байж болзошгүй эм, бэлдмэл худалдан борлуулж байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл байна.
Тодруулбал, түүнийг нэр бүхий хүмүүстэй хамт допингийн төрлийн байж болзошгүй бодис худалдан борлуулж байхад нь Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчдад үйлдэл дээр нь илрүүлж, баривчилжээ. Өдгөө уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Ташрамд өгүүлэхэд, допингийн төрлийн бэлдмэлийн сөрөг нөлөө нь хүний биеийн эрхтэн системд гаж нөлөө үзүүлж, дотоод эрхтэн системийн үйл ажиллагааг алдагдуулдаг байна. Мөн зүрхний шигдээс, хорт хавдрын эрсдэлийг нэмдэг муу талтай аж. Хамгийн ноцтой нь эр бэлгийн эс хэвийн бус болж, удмын санд өөрчлөлт орж, үр тогтоох боломжгүй болдог байна. Тиймээс ч Дэлхийн допингийн эсрэг байгууллага болон холбогдох байгууллагуудаас энэ төрлийн бодис, эм, бэлдмэл, бодисыг хэрэглэхгүй байхыг зөвлөж, хэрэглэсэн тохиолдолд хариуцлага тооцох зохицуулалттай байдаг аж. Иймд допингийн төрлийн эм, бэлдмэл, бодис хэрэглэхгүй байх, бусдад худалдан борлуулж, бусдын эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулж болзошгүйг сэрэмжлүүлэх үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэлээ.