Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Хотын дарга Х.Нямбаатар нарын зүтгүүлж буй Шинэ Зуун мод буюу Хүннү хотыг Богдхан уулын баруун урд, Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрийн 31 мянган га газарт байгуулахаар төлөвлөсөн.
2040 онд бүх л ажил хийгдэж, Засгийн газар яам, агентлагуудынхаа хамтаар нүүж очсон байхаар зураглаад буй. 2024 оны зургаадугаар сарын 05-ны өдөр Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, мөн өдөр “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын 76 дугаар тогтоолоор “Шинэ Зуунмод хот”-ыг нийслэлийн тусгай чиг үүргийг гүйцэтгэхэд стратегийн ач холбогдол бүхий Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дагуул хот байхаар заасан. Улмаар Шинэ Зуунмод хотыг Хүннү хот хэмээн нэрийдэхээр болсон юм. Харин Шинэ Зуунмод хот байгуулах төсөлд нийт 500 орчим тэрбум төгрөг зарцуулагдах урьдчилсан тооцоо гарсан бөгөөд 2022 онд 33 тэрбум төгрөг, 2025 онд 98.2 тэрбум төгрөгийн төсөвт суулгасан.
Тэгвэл Хүннү хотын захирагчаар УИХ-ын гишүүн асан Б.Саранчимэгийг томилжээ.
Б.Саранчимэг нь ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан Техникийн их сургуульд Удирдлагын автоматжуулалтын системийн инженер, Хавайн номхон далайн их сургуульд Мэдээллийн технологи, Шинжлэх Ухаан Техникийн Их Сургуулийн магистр, Харвардын их сургуулийн Удирдлагын хөтөлбөр, МУИС, Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн.