“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр /2025.04.28/ Галлериа Улаанбаатар төвийн 3 дугаар давхрын “Жуулчин Гранд Баллрүүм” хурлын танхимд зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн ээлжит хурлаар:
- Компанийн 2024 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлт;
- Компанийн 2024 оны санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлт;
- Ногдол ашиг хуваарилах эсэх талаар гаргасан ТУЗ-ийн шийдвэр;
- Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
- ТУЗ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайлан;
- ТУЗ-ийн гишүүнийг сонгох зэрэг асуудлыг хэлэлцэв.
Тус компани нийт 15 тэрбум ширхэг хувьцаа гаргасан бөгөөд үүний 73.51 хувийг төр, 26.43 хувийг иргэд, 0.06 хувийг аж ахуйн нэгжүүд эзэмшдэг. 2024 онд 30 сая тн олборлож, 3.25 сая ам.долларын борлуулалт хийж, 3.46 их наяд төгрөгийн татвар төлж, 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд экспортын орлогын 36 хувийг, татварын орлогын 12 хувийг дангаараа бүрдүүлсэн байна. Мөн он цэвэр ашгаас 3.9 их наяд төгрөгийн иргэн болон аж ахуйн нэгжүүдэд ногдол ашиг байдлаар тараагаад байгаа аж.
Мөн энэ үеэр хуралд оролцсон хувьцаа эзэмшигчид "Жижиг хувьцаа эзэмшигчдийн саналын эрхтэй болгож, хараат бус захирлуудыг өөрсдөө сонгодог болмоор байна", "1072 хувьцаа эзэмшигчид олон жилийн турш саналын эрхгүй явж ирлээ. Иргэдийн эзэмшиж буй хувьцааг хоёрдогч зах зээлд гаргатал саналын эрхгүй гэсэн. Энэ бол хууль бус, ийм байж болохгүй", "Ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд “Сайн хувьцаа” нэрээр 300 мянган төгрөгөөр хувьцаагаа алдсан. Энэ хүмүүсийн хувьцааг буцааж олгохын төлөө яагаад ажиллахгүй байгаа юм бэ? Яагаад нас барсан иргэдийн хувьцааны асуудлыг хөндөхгүй байгаа юм бэ? Та нар гурван сая иргэний төлөө ажиллах ёстой" гэх мэт саналуудыг тавьж байлаа.