Өнөөдөр АНУ-ын United Airlines авиа компани Токио-Улаанбаатар хооронд анхны нислэгээ үйлдэж байна

Өнөөдөр АНУ-ын United Airlines авиа компани Токио-Улаанбаатар хооронд анхны нислэгээ үйлдэж байна

Өнөөдөр Токио-Улаанбаатар хооронд АНУ-ын United Airlines авиа компани анхны нислэгээ үйлдэж байна. Ингэснээр АНУ-ын бусад хот руу Токиогоор дамжин United Airlines компанийн онгоцоор нисэх боломж бүрдэж байгаа юм. Анхны нислэгийн нээлтийн ёслол өнөөдөр /2025.05.01/ өдөр Нарита олон улсын нисэх буудалд зохион байгуулагдлаа.
 
Уг арга хэмжээнд Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Баярсайхан, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Батбаяр, АНУ-аас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг, шинжлэх ухааны асуудал хариуцсан Элчин зөвлөх Эван Т. Фелсинг, Япон Улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны харьяа Нарита олон улсын нисэх буудлын захирал К.Гото, Нарита олон улсын нисэх буудлын корпорацийн Ерөнхийлөгч А.Тамүра нарын зэрэг албаныхан оролцов.
 
Элчин сайд Б.Баярсайхан нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ “Энэ удаагийн шинэ нислэг Монгол, Япон хоёр улсын хооронд төдийгүй Монгол Улс, АНУ-ын хооронд эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх чиглэлээр хөгжүүлж байна. Япон Улс нь уг бодлогын хэрэгжилтэд голлох зах зээл болж, чухал үүрэг гүйцэтгэж буй юм. Энэ зорилгыг ахиулахын тулд Монгол Улсын Засгийн газраас “Go Mongolia” аяныг эхлүүлсэн нь манай улсад жуулчдыг татахад бодитой хувь нэмэр оруулж байна” гэв.
 
Энэхүү шууд нислэг долоо хоногт хоёр удаа тодорхой хугацаанд тогтмол үйлдэгдэх бөгөөд Монгол Улс, Япон Улс болон Монгол Улс АНУ-ын хооронд агаарын шууд харилцааг өргөжүүлэх, иргэдийн зорчих боломжийг нэмэгдүүлэх, бизнес, аялал жуулчлал, соёлын харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах өндөр хүлээлт үүсгэж байна.