Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхийлөгч Халла Томасдоттирт тавдугаар сарын 2-ны өдөр бараалхав.
Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Монгол Улсад төрийн айлчлалын хийхийг урилаа.
Тэрбээр Монгол Улс “гуравдагч хөрш”-ийн бодлогынхоо хүрээнд Исланд Улстай эрчим хүч, хөнгөн үйлдвэрлэл, байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах боломж байгааг дурдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 8 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотноо зохион байгуулах дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн форумд Хүндэт зочноор оролцоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.